өдөр
шөнө
×

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд “улаан гэрэл” ассан энэ цаг үед Төрийн тэргүүний санаачилгыг цаг алдалгүй бодит ажил болгох шаардлагатай байна

-Короновирус ба дэлхий нийтийн хүнсний аюулгүй байдал-

Короновируст цар тахлын халдвар ахуйн хүрээний хавьтал, агаар дуслаас гадна сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнээр дамжин тархсан цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн нь дэлхий нийтийг шинэ төрлийн айдаст автуулжээ. Тухайлбал БНСУ, БНХАУ, Норвеги улсаас импортолсон хөлдөөсөн далайн арваалжаас ковид 19 өвчний халдвар илэрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Мөн ОХУ-аас БНХАУ-д импортолсон далайн гаралтай наймаалж зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс уг вирус илэрсэн бол Эквадор улсаас БНХАУ-д нийлүүлсэн далайн гаралтай хүнснээс ч бас коронавируст халдвар илэрсэн байна. Энэ бүхнээс үүдэн дэлхийн улс орнууд хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг БНХАУ-аас импортолдог. Үүнийг түгшүүрийн харанга гэж авч үзэхэд буруудах зүйлгүй. Мөн цар тахлын голомт болсон улс орнуудаас импортоор төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэгэн хориг саадгүйгээр авч байна. Энэ нь цаашид хүнсээр дамжин Монгол Улсад ковид 19-ийн халдвар орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг харуулж байгаа юм.

-ОХУ, Украины сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр дэлхий нийтэд хүнсний хомстол үүсэж эхэллээ-

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхий нийтэд хүнсний хомстлыг бий болгож байгаа гол гурван хүчин зүйлд “цар тахал, эдийн засгийн хориг, ОХУ, Украины хооронд өрнөсөн сөргөлдөөн” хэмээн нэрлэжээ. ОХУ болон Украин улсуудын хувьд 2020 оны байдлаар дэлхийн нийт улаан буудайн экспортын 27 хувь, эрдэнэ шишийн 14 хувь, арвайн 23 хувь, наранцэцгийн тосны 53 хувийг хангажээ. Эндээс үзвэл дээрх хоёр улс нь дэлхийн хүнсний томоохон ханган нийлүүлэгч улс орон болох нь тодорхой байна.

ОХУ-ын хувьд эдийн засгийн хоригт орсноор барууны орнуудтай худалдаа хийх боломж нь бүрэн зогссон. Харин Украин улс дайны нөхцөл байдлаас үүдэн хаврын тариалалтаа бүрэн хийж чадаагүй болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалан хүнсний экспортоо цаашид зогсолтгүй явуулах боломжгүй болжээ. Цаашлаад ОХУ, Украины хооронд үүссэн сөргөлдөөн нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох улаан буудай, арвай, эрдэнэ шишийн нийлүүлэлт дэлхий даяар буурахын зэрэгцээ газар тариалангийн салбарт чухал байр суурь эзэлдэг хөдөө аж ахуйн бордооны үнийн өсөлт энэ салбарыг давхар эрсдэлд оруулж байгаа ажээ. Тухайлбал, 2022 оны 3-р сард дэлхийн хөдөө аж ахуйн бирж дэх буудайн үнэ 21 хувиар, арвайн үнэ 33 хувиар, бордооны үнэ 40 хувиар тус тус өсөөд байгаа зэргээс энэ бүхнийг харж болохоор байна.

Энэ утгаараа тус хоёр орны сөргөлдөөн нь цар тахлаас үүдэлтэйгээр үүсээд байсан хүнсний хомстлыг улам дордуулж, хүнсний бүтээгдэхүүний үнийг огцом өсөхөд нөлөөлжээ. Олон улсын эдийн засагчид энэхүү нөхцөл байдлаас болж дэлхийд хүнсний  шинэ хомстол үүсэх эрсдэл бий болж, цаашид нөхцөл байдал одоо байгаагаас илүү хүндэрч болзошгүйг анхааруулж байна.

Тэгвэл Монгол Улсын хувьд шинээр үүссэн энэхүү нөхцөл байдлаас үүдэн хүнсний салбарт цаашид гарч болзошгүй сөрөг үр дагаврыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуулт тулгамдсан асуудал болоод байна. Манай улс жилд ойролцоогоор 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг бөгөөд энэхүү хэрэгцээг хангахад 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. 2020 оны гурилын хэрэгцээний 80 орчим хувийг дотооддоо хангаж, үлдсэн хувийг ОХУ-аас импортолж байжээ. Дайнаас өмнө буюу цар тахлын оргил үед ОХУ, Казахстан, Украин улаанбуудайн экспортдоо хязгаарлалт тогтоож буйгаа зарласан нь улаан буудайн эрэлтийг нэмэгдүүлээд байв. Одоо дайны байдалд буй тус хоёр улсын экспорт хязгаарлагдаж, байдал өмнөхөөс улам хүндэрсэн нөхцөлд манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт цаашид томоохон сөрөг үр дагавар авч ирж болзошгүй нь тодорхой байна.

-Монгол Улсын хүнсний аюулгүй байдал ба Төрийн тэргүүний дэвшүүлсэн санаачилга-

Дэлхий нийтэд хүн амын хүнсний нийт хэрэглээнийхээ 50 хувийг импортоор авдаг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж авч үздэг байна. Монгол Улсын хувьд зөвхөн төмс, гурил, махны хэрэгцээгээ л дотоодоосоо хангадаг. Харин  бусад нарийн ногооны 40, будаа, элсэн чихэр, ургамлын тос, жимс, жимсгэнээ 100 хувь гаднаас авч байна. 2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний нарийн ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ. Дээр дурдсанчлан хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг БНХАУ-аас импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд бид урд болон хойд хөршөөсөө бүрэн хараат болсныг харуулсан харамсалтай дүр зураг юм.

БНХАУ-ын тухайд тэрбум 400 сая хол давсан хүн амынхаа хүнсний хэрэглээг хангахын тулд хүнсний ногоо тариалахдаа химийн бордоог асар ихээр ашигладаг болох нь нэгэнт нууц биш болсон асуудал. Голландын "Эдвин ван Бёрн" пүүсийн явуулсан судалгаагаар Хятад улс 1988 онд хүнсний ногооныхоо 34 хувьд химийн бордоо ашигладаг байсан бол энэ тоо 10 жилийн дараа 72.4 хувьд хүрч, 2008 онд 87.0 хувь болсон гэнэ. 10 жилийн давтамжтай дээрх судалгааны энэ оных хараахан гараагүй ч энэ тоо одоо буурах бус өссөн гэдэг нь тодорхой юм.

Тэгвэл сүүлийн жилүүдэд манай улсын нийт хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтний систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болж байгаа нь дээр дурдсан нөхцөл байдалтай холбоотой гэдэг ноцтой дүгнэлтийг эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид гаргажээ. Эдгээрийн дотор элэг, ходоодны хорт хавдар хамгийн их буюу 53 хувийг эзэлж байгаа нь өдөр тутам хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон зүй зохисгүй, эрүүл бус хооллолттой холбоотой болохыг судлаачид тогтоосон байна.

Энэ бүхнээс авч үзэхэд Монгол Улс хүнсний аюулгүй байдалд аль хэдийн "улаан гэрэл" асаж аюулын харанга дэлдэж эхэлсэн хэмээн ойлгож болохоор байна. Тэгвэл үүнээс гарах гарц гаргалгаа бидэнд бий юу.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулганд оролцохдоо Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдал туйлын эмзэг байдалд байна гэдгийг онцлон тэмдэглэжээ. Үүнийг сонгино, сармис, лууван, манжин, жимс жимсгэнэ зэрэг нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гаднаас импортлон авдагтай холбон тайлбарлаж болох үндэслэлтэй.

Төрийн тэргүүний зүгээс дэвшүүлсэн “100 жил -10 зорилт” хөгжлийн санаачилгад “Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” гэсэн томоохон зорилт багтсан нь цаашид хүнсний хангамжийн хараат байдлаас гарах, эрүүл аюулгүй хүнсээр нийт хүн амаа хангадаг болоход чухал дэмжлэг болох нь дамжиггүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Монгол Улс дотооддоо шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлж, бүх шатанд бүтээмжээ сайжруулснаар хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа ажээ. Тухайлбал энэ хүрээнд;

Хүнсний улаан буудайн нөөцийг нэн яаралтай нэмэгдүүлэх;

Хөрсөө тордож, арчлах, хөрс хамгаалах технологид эрс шинэчлэл хийх;

Үр, үрсэлгээ, суулгац үржүүлгийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгож, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах;

Органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих замаар нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх;

Ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгох;

Гадаргын усыг нөөцлөх усан сангууд байгуулж, усалгаанд ашиглах;

Олон улсын стандартад нийцсэн механикжсан зоорь барьж байгуулах;

Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, агрономич, технологич, механик инженер, мэргэшсэн ажилтныг үе шаттай бэлтгэх зэрэгт анхаарах нь чухал байгааг тэрбээр онцолсон байна.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан судалгаагаар Монгол улс хүнсээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгаа богино хугацаанд тэлэх арга зам гэсэн тооцооллыг дэвшүүлжээ. Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбартаа оновчтой зөв хөрөнгө оруулалт хийж, бодлогын арга хэмжээг цаг алдалгүй чадвал 2024 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ одоо байгаагаас хоёр дахин өсч 30 тэрбум ам.долларт хүрэх боломжтой хэмээсэн нь оргүй хоосон төсөөлөл биш юм. Чухам ийм учир УИХ, Засгийн газрын зүгээс цаашид Төрийн тэргүүний дэвшүүлсэн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангах гэсэн зорилтыг цаг алдалгүй бодит ажил болгож, бодлогын дорвитой баримт бичгүүдийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллах нь Монгол Улсын цаашдын хувь заяанд нэн тустай тулгамдсан асуудал болоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

Top