Улс даяар Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгаа. Энэхүү хуулийн үйлчлэлээр төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд онцын шаардлагагүй зардал гаргахгүй байж татвар төлөгчдийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах үүрэгтэй. Гэвч зарим төрийн байгууллага уг хуулийг илтэд зөрчиж, “сургалт” нэрийн дор зугаалга, архидалт зохион байгуулсан тохиолдол тасрахгүй байгаа нь харамсалтай.
Тухайлбал, Г.Балжинням захиралтай Диспетчерийн Үндэсний Төв ТӨХК нь 2024 оны 7 дугаар сарын 9-нд буюу наадмын өмнөх өдөр тансаг зэрэглэлийн “Редрок” амралтын газрыг ажиллуулдаг “Өндөр улаан трэвел” ХХК-тай 19,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, “Ажилтнуудыг сургах, сургалтад хамруулах” гэх зорилготой энэ сургалтад 120 ажилтан нь хамрагджээ.
Ингээд тус байгууллага наадмын дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 16–17-нд Тэрэлж дэх “Ред рок” амралтын газарт “Байгууллагын соёл, багийн менежментийг сайжруулах хүний нөөцийн цогц сургалт” нэртэй арга хэмжээ зохион байгуулсан ч үнэн хэрэгтээ сургалт нэрийн хоёр өдрийн “архидалт” зохион байгуулсан байж болзошгүй байна.
Учир нь “Ред рок” амралтын газрыг ажиллуулдаг “Өндөр улаан трэвел” ХХК нь сургалт, семинар зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй. Тус компани нь зөвхөн байр, хоол, архи согтууруулах ундааны зүйл, заал танхимаар үйлчилдэг бөгөөд бид энэ талаар тус компаниас тодруулахад “Бид ямар нэгэн сургалт зохион байгуулдаггүй. Зөвхөн байр, хоол унд, уух зүйлээр үйлчилдэг” гэсэн хариулт өгсөн юм.
Тэгвэл Диспетчерийн Үндэсний Төвийн энэхүү үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.7-д заасан “сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, жуулчны баазад зохион байгуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд хот суурин газарт зориулалтын хурлын танхимд эсвэл цахимаар зохион байгуулж, илүү зардлыг хэмнэх” гэсэн заалтыг илт зөрчсөн асуудал болж байна.
Түүнчлэн тус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Балжинням сургалт нэрийн дор “сэм найр” зохион байгуулж, төсвийн хөрөнгийг архи, согтууруулах ундаа худалдан авахад зарцуулсан байж болзошгүй энэ үйлдэл нь түүнийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болохуйц ноцтой зөрчилд тооцогдоно.
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХК-ийн өнөөгийн гүйцэтгэх захирал Г.Балжиннямын тухайд нь өмнө нь ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байсан түүхтэй нэгэн.
Тодруулбал, тэрбээр тус компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа 2014 оны тавдугаар сард 2.4 тэрбум төгрөгийн хэргээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдөд баривчлагдаж байжээ. Гэтэл үүнээс ердөө дөрвөн сарын дараа буюу 2014 оны есдүгээр сард АТГ-аас Г.Балжиннямыг эрчим хүчний тендерүүдээс 7.4 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэрэгт дахин шалгаж байсан талаар хэвлэлүүдээр мэдээлэгдэж байв.
Үргэлжлэл бий…
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN