Монгол Улсын Ерөнхий Аудитороор ажиллаж байсан Д.Загджав Төсвийн байнгын хорооны хуралдаанд “Тавантолгой түлш” ХХК-д хийсэн хяналт шалгалтаар 1,1 их наяд төгрөгийн мөнгө угаалт, хулгайн шинжтэй үйлдлүүд илэрсэн тул эрүүгийн хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл Д.Загджав Ерөнхий аудиторын яриад буй энэ их хулгай, мөнгө угаалтын шинжтэй гэрээ хэлэлцэл, худалдан авалтуудын ихэнх нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатарын үед явагдсан бололтой.
Энэ утгаараа хуулийн байгууллага өдийд М.Ганбаатарыг ялладагчаар татан шалгаж байх учиртай юм. Гэтэл мань М.Ганбаатар тарьсан асуудалдаа шалгагдах нь бүү хэл гүйцэтгэх засаглалын тэргүүний хамгаалалтад орж, түүний орон тооны бус зөвлөхөөр томилогдсон гэх мэдээлэлд нэр холбогдов. Үүнийг товчоор, Монголд хууль биш хүн засаглаж байгаагийн тод жишээ гэлтэй.
Тэгвэл бид энэ удаад Д.Загджав Ерөнхий аудиторын ярианд дурдагдсан Тавантолгой түлш ХХК-ийн данснаас гарсан гэх 1,1 их наяд төгрөг ямар замаар, яаж угаагдсан байж болзошгүй асуудлыг цувралаар хөндөх болно. Эдгээрийн эхлэл болгож өндөр дүнтэй мөнгөөр худалдаж авсан их хэмжээний чанаргүй гурилтай холбоотой асуудлыг ил болгон дэлгэж байна.
Тодруулбал, нийслэлчүүдийг утаа, угаараас салгах зорилготой “Тавантолгой түлш” ХХК хүнсний зориулалттай 2-р гурилаар сайжруулсан түлшээ барьцалдуулан, нийслэлчүүдийг утаанаас салгах бус дутуу шаталттай түлшээр угаартуулан хордуулж байсан байж болзошгүй нөхцөл байдлууд сүүлийн үед ил болж эхэллээ.
Ингэж бичих болсон шалтгаан нь “Тавантолгой түлш” ХХК 2020-2021 онд буюу М.Ганбаатарыг гүйцэтгэх захиралаар ажиллаж байх хугацаанд “Алтан тариа” ХХК-иас их хэмжээний буюу 160 тонн буюу 160,000 кг хүнсний зориулалттай хоёрдугаар гурил худалдаж авчээ.
Тухайн үеийн ханшаар бодоход (Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд 2020-2021 онд Алтан тариа 2-р гурил 1 кг нь 800-1000 төгрөг байсан) энэ нь хамгийн багадаа 120 гаруй сая төгрөг, хамгийн ихдээ 160 орчим сая төгрөг болж байгаа юм. Түлш үйлдвэрлэдэг компани иймэрхүү их хэмжээний гурилыг боов, боорцог хайрах гэж аваагүй нь тодорхой. Тэгэхээр эндээс “Тавантолгой түлш” ХХК энэ мэтээр гурил худалдаж аван сайжруулсан түлшээ барьцалдуулан зах зээлд нийлүүдэг байсан уу гэдэг хардлага урган гарч байна.
Гэтэл энэ бүхнээс хамгийн ноцтой нь нууцад оруулж байгаад худалдаж авсан “Алтан тариа” ХХК-ийн үйлдвэрлэсэн 160 тонны хэмжээтэй өнөөх 2-р гурил нь өдгөө Тавантолгой түлш ХХК-ийн агуулахад хав дараастай хадгалагдан, түлш барьцалдуулах нь бүү хэл хулгана ч тоож идэхээргүй чанаргүй юм болон хувирч, хөгц хөөстэйгээ холилдон хэвтэж байгаа ажээ.
Эндээс юу харагдаж байна вэ гэвэл “Тавантолгой түлш” ХХК түлшний барьцалдуулагч хийх зорилгоор их хэмжээний гурил худалдаж аван түүнийгээ огт хэрэглэлгүйгээр чанарыг нь муутган хадгалж байгаа нь нөгөө үр ашиггүй зардал, Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн ноцтой үйлдэл биш гэж үү? Маш олон хууль тогтоомжуудыг зөрчин төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгах шийдвэр гаргасан энэ мэт асуудлаар нь М.Ганбаатарт хэн, хэзээ, хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ?
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (2)