өдөр
шөнө
×

Худалдан авагчид АПУ-д “итгэл алдарчээ”

АПУ хувьцаат компани Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг. 100 гаруй жилийн түүхтэй компанийн хувьцаа хөрөнгийн биржид эрэлттэй хувьцааны нэг байсаар ирсэн билээ.

2023 онд АПУ ХК-ийн “Тогтвортой хөгжлийн тайлан”-д дурдсанаар тэд архины зах зээлийн 51 хувь, пивоны зах зээлийн 63 хувь, хийжүүлсэн ундааны 3 хувь, цэвэр усны зах зээлийн 6 хувийг эзэлж байна. Тухайн оныхоо улсын төсвийн орлогын 1.6 хувийг бүрдүүлжээ. Энэ нь бүх татвар, хураамжуудыг нь нийлүүлбэл 244 тэрбум төгрөг бөгөөд зах зээлд нэгэнт монополь болчихсон, хамгийн том тоглогч гэдгийг нь батална..

Гэвч худалдан авагчид нь АПУ ХК-ийн архи, пивонд сэтгэл хангалуун бус байгаа тухай олон нийтийн сүлжээнд бичих болов. Жишээлбэл, архиндаа донтуулагч бодис хийдэг хэмээн иргэд хардаж бичсээр ирсэн, маргааш нь айхтар шартуулдаг гэх мэт. Мөн пивонууд нь шартуулдаг гэжээ. АПУ ХК-ийн архи, пиво худалдаж авсан тухай зургаа сошиал сүлжээндээ нийтлэхэд сэтгэгдлүүдийнх нь дийлэнх нь сөрөг буюу өөр архи, пиво сонгохыг санал болгосон, тэр дундаа импортын бүтээгдэхүүн сонгосон нь илүү “найдвартай” гэх утга агуулгатай байгаа юм.

Түүх сөхвөл, 2000 оны үед Монголын архи, согтууруулах ундааны зах зээлийн дийлэнхийг импортын бүтээгдэхүүнүүд эзэлж байв. Энэ цагаас хойш АПУ, СББ үйлдвэрлэгчид хувьд шилжиж, менежмен, маркетингаа сайжруулж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ гадныхнаас эргүүлж авсан байдаг. Энэхүү өрсөлдөөнд “Жэм интернэйшнл”, “Арвайн үндэс” ХХК идэвхтэй оролцсон. Өөрөөр хэлбэл, бидний мэдэх “Касс” брэнд гол тоглогч биш болж, “Сэнгүр”, “Боргио”, “Нийслэл” шар айргийн борлуулалт эрс нэмэгдсэн юм. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлээ буцааж эзэлсэн нь маш том амжилт.

Гэтэл 2017 оноос Монголд импортын архи, виски, пивоны борлуулалт нэмэгдэх болов. Тэр дундаа Япон, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан гэх мэт орнуудын бүтээгдэхүүн зах зээлд дахин хүчээ авсан юм. Эдгээр орны архи, пивонуудын тухай хэрэглэгчид сошиал сүлжээнд ам сайтай байгааг бид анзаардаг. Гол давуу тал нь импортын архи, пивыг уусны маргааш шарталтын нөлөө нь харьцангуй бага байдаг гэх сэтгэгдлүүд юм. Энэ бол хэрэглэгчдийн бодит дүгнэлт.

Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл, АПУ ХК хэдийгээр дотоодын зах зээлийн хамгийн том тоглогч хэдий ч хэрэглэгчдийн өгсөн чанарын тухай сэтгэгдлээрээ гадаадын архи, пивонуудын өмнө ялагдал хүлээж байна гэж ойлгож болох болов уу.

АПУ ХК-ийн хувьцааны ханш 2021 оны 12 дугаар сард нэгж үнэ нь 1800 төгрөгт хүрч, өсөлтийн хувиараа монголчуудыг гайхшруулсан юм. Тэр үед тус компанийн хувьцааг худалдаж авах нь хамгийн сайн өгөөжтэй, үр дүнтэй хөрөнгө оруулалт гэж олон нийтийн сүлжээнд иргэд бичиж байв. Гэвч энэхүү өсөлт цаашид үргэлжилсэнгүй. Өнөөдрийн байдлаар АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 966 төгрөгөөр үнэлэгдэж, онцгой өсөлтөөсөө хойш тасралтгүй буурсан байна.

Ийнхүү хувьцааны үнэ өдөр өдрөөр унах болсон шалтгааныг борлуулалт буурсантай холбоотой гэж тайлбарлахад хэтэрхий өрөөсгөл. Харин иргэдийн дунд АПУ ХК-ийн архи, пивоны тухай иргэдийн эргэлзээ нэмэгдэж, оронд нь импортын архи, пивыг сонгох нь нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид АПУ ХК-д итгэл алдарч байгаа гэсэн үг. Итгэхгүй бол хажууд суугаа найзаасаа зуны зугаалгадаа ямар брэндийн архи, пиво худалдаж аваад явах тухай асуугаад үзээрэй…

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.212.118.23)
    АПУ dairy ч бас хог. Хятадаас сүү оруулж хог хийдэг
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.9)
    за яршиг оо, тэгтлээ үхэр мал шиг уувал ямар ч архи шартуулах биз дээ! Одоо байтлаа хятад, оросоос архиа оруулья гэх нь л дээ!!! Ямар ч улсад архи, пивоны үйлдвэр бгаа! хэрэглээгээ тохируул малнуудаа!!! Үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ байнга дайраад бгаа нь сэжигтэй бна шүү!!!
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • иргэн (103.57.95.172)
    Хүнд хэргцээтэй юуг ч бай зөв сэтгэлээр хандаж байсан өвгөд дээдсийн сайхан уламжлалыг хадгалах ёстой. АПУ бол арай л бишээ. Хараач ялгаагүй .Хүн хүнээрээ байвал хэн хэнд нь хэрэгтэй баймаар. АПУ бол иргэдээ хуурч архидуулах дондтой болгож байгаа нүгэлтэй үйлстэнгүүд.
    2025 оны 06 сарын 30 | Хариулах
    • (202.9.46.9)
      Донтож бгаа бол тухайн хүний тархинд л асуудал бна даа!!! Бүх л улсад архи үйлдвэрлэж бгаа, хэрэглээгээ тохируул!!!
      2025 оны 06 сарын 30
  • Зочин (103.168.34.35)
    Dontuuldag sahrtuuldag ni unen shuudee
    2025 оны 06 сарын 30 | Хариулах
Top