Төрийн зарцын үүргээ умартаж төрийн хаан, хатан мэт аашилж ойн сан, усны эх, усан сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахгүй байх "урт"нэртэй хуулийн үйлчлэлд орж түтгэлзсэн 4 тусгай зөвшөөрийг "сугалж" гаргасан У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл хоёрын 2020.09.30-ны өдрийн 125 дугаар тогтоол байна.
Хөвсгөлийн Бүрэнтогтох сумаас 10 гаруй км-т Дэлгэрмөрөнгийн сав газарт нүүрсний Жилчиг булагийн уурхай, Баянхонгорын Гурванбулаг сумаас 5 км-т алтны Жи энд Юу ХХК-ийн 2 уурхай, Бугантын Толгойтын гол дээрхи Чамин алт ХХК-ийн уурхайн зөвшөөрлүүдийг зон олноос асуугаа юу, мэдэгдээ юу? Мөнх цэвдэгээ тэслүүлж, дэлбэлүүлж алт, нүүрс олборлуулж ой, усны эх үүсвэрээ хомсдуулж, байгалиа доройтуулах санал өгөө юү?
Энэ асуудлаар Сарангэрэл сайд сошиалд шоволзон гарч ирээд ойн сан, усны сав газрын хилийн заагаас нэр бүхий компаниудын лицензийг гаргаснаа хүлээн зөвшөөрч, нөхөн сэргээлт хийлгэх гэж гаргасан хэмээн мэлзжээ. Хөвсгөлчүүдэд нүүрс хэрэгтэй гэж мэдэгдэл ч юм уу, мэдээлэл ч юм уу бичиж. (Уул уурхайн салбарын сайд л байх байж дээ.)
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.11 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дах хэсэгт зааснаар зөвшөөрөх биш цуцлах хангалттай үндэслэл байсан биш бил үү?
2011-2012 оноос хойш огт нөхөн сэргээлт хийгээгүй хаячихсан, экологид хэдэн арван тэрбум төгрөгийн хохирол учруулсан лицензүүдийг цуцалж, хохирлыг нь нэхэмжлэн авч нөхөн сэргээлтээ хийлгэхийн оронд олборлох зөвшөөрөл олгосон лоббиг чинь гайхаж байна.
ЗГ-ын 125-р тогтоол болон Төрийн албаны халаа, сэлгээ, томилгоотой холбоотой асуудлаар 2020.12-14 ний өдөр баталгаат шуудангаар та нарт хандсан. Хариу таг. 30 хоног өнгөрлөө.
Явуулсан бичгийнхээ араас нэхтэл яамны НЭГ цэгийн үйлчилгээний 3 ажилтан 12-р сарын 31-нд солигдож, шинээр томилогдсон, ажлаа ч сайн мэдэхгүй нааш цааш нь чирэгдүүлж, чирэгдүүлж, эцэст нь тийм бичиг ирээгүй гэлээ. Сошиалд ажилладаг хурд чинь салбарт чинь дутаж байна.
125-р тогтоол түмэн олны дургуйг хүргэж цагдаа, шүүхийн хаалга татаж, төвөг чирэгдэл учруулах тул гаргасан хууль бус шийдвэрээ хамгаалах бус цуцлах хэрэгтэй байна.
(Ковидтой холбоотой Олон улсын болон олон түмний хандив, зээл, тусламжийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын талаар тусдаа яриа болох байх )
Жич: ЗГ-ын тогтоолоор урт нэртэй хуулийн хилийн заагаас чөлөөлсөн лицензүүд ойн сан, усан сан, усны эх бүрэлдэх хилийн заагтай давхцалтайг нотлох зургуудтай танилцаарай.
2021.01.19
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
Сэтгэгдэл (1)