өдөр
шөнө
×

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУРАГЧИД "NEO SCIENCE-2025" ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан олон улсын "Neo Science-2025" олимпиадад Өмнөговь аймгийн 5 сурагч амжилт дүүрэн оролцлоо.

"Neo Science-2025" олимпиад 3-5, 6-8, 9-11 анги гэсэн ангиллаар явагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Э.Сарангоо математикаар Алтан медаль, байгалийн ухааны төрөлд Хүрэл медаль, Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Т.Гийхүйн-Од байгалийн ухааны төрөлд Хүрэл медаль, математикаар Хүрэл медаль, Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Ч.Содбилгүүн математик төрөлд Мөнгөн медаль, 7а ангийн сурагч Д.Төртбаяр математикаар Хүрэл медаль, Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Н.Түвшинбаяр математикийн төрөлд Хүрэл медалийн эзэн боллоо.

Тус олимпиадад дэлхийн 40 орны 300 орчим хүүхэд Математик, Физик, Хими, Биологи, Ерөнхий шинжлэх ухааны төрлөөр мэдлэг оюунаа сорьсон байна.

"Neo Science Olympiad" (NSO) нь байгалийн шинжлэх ухааныг сонирхогч сурагчдад зориулсан олон улсын чанартай олимпиад юм. Энэхүү олимпиадын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрийн сурагчдын шинжлэх ухаанд хандах сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд оршдог.

Хүүхдүүдийн шинжлэх ухааны суурь мэдлэг, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг үнэлэх зорилгоор 2018 оноос эхлэн зохион байгуулагдсан тус Олимпиад нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top