Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, хүрээлэн буй орчны нөхцөл, тулгамдсан асуудлуудыг хуралдааны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд шийдвэрлэх бодит алхмуудыг хийж, хэрэгжүүлэхээр болов.
Энэ удаагийн хуралдааны хамгийн чухал хэлэлцэх асуудал нь 2025 оны төсвийн тодотгол байв. Улсын төвлөрүүлэх орлогын хэмжээг бууруулсантай холбоотойгоор зарим зардлыг танах, дахин төлөвлөх шаардлага гарсан ч аймгийн хөгжил, иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн чухал нөлөөтэй салбаруудын хөрөнгө оруулалтыг хасахгүйгээр баталлаа.
Ингэснээр сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсролын салбар болон өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийгдэх бүх ажлыг анх төлөвлөсөн хэлбэрээр нь хэвээр үлдээж, бүрэн санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Энэ нь “иргэдийн хэрэгцээ, хүүхэд, эрүүл мэндийн салбарыг хамгийн түрүүнд” гэсэн бодлогын зарчмыг дахин нотолж байна.
“Наадмын дараа намар” хэмээх бүтээлч ажлын ид үе эхэлж буй энэ үед төлөөлөгчид сум, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө идэвхтэй, санаачилгатай оролцож, тодорхой үр дүнд хүргэж байгаад талархал илэрхийлье.


