Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/430 дугаар тушаалын дагуу аймаг, сумын удирдлагуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалт Өмнөговь аймагт 2025 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр нар үг хэлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Сургалтад Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн тогтвортой хөгжил, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга замын талаар онол, дадлага хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна.


