өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Э.Болормаа төсвийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа санхүүжүүлж хууль зөрчжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаандаа зориулан ашигласан гэх хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1774 тоот бичгээр Улсын Ерөнхий прокурорын газарт хандан, “Ховд аймгийн Засаг даргын 2020–2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг иргэдэд мэдээлэх, тайлагнах зорилгоор сэтгүүл, сонин хэвлүүлэх, контент бүтээх ажлыг шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэж батлагдсан төсөвт өртгийг хуваан, сонгуулийн сурталчилгааны зардлыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж өгнө үү” хэмээн хүсэлт гаргажээ.

Харин Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн тухайгаа Ерөнхий аудиторт албан бичгээр мэдэгджээ.

Эх сурвалжийн зүгээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс уг хэргийг шалгаж, дуусах шатандаа орсон бөгөөд удахгүй прокуророос УИХ-д Э.Болормааг эргүүлэн татах бичиг хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгч байна.

Э.Болормаагийн тухайд Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 онд А/260, А/261, А/263, А/264 тоот захирамжууд гарган, “Засаг даргын үйл ажиллагааны тайлан сэтгүүл хэвлүүлэх” нэрийдлээр Соёмбо принтинг ХХК, Соёмбо пресс ХХК, Тайшир өргөө ХХК, Ай Пи Лоор ХХК-иудтай нийт 80 орчим сая төгрөгийн 4 удаагийн гэрээ байгуулсан байна. Аудитын дүгнэлтэд дурдсанаар, эдгээр гэрээг босго үнээс зайлсхийхийн тулд хуваан байгуулсан, худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас зориудаар зайлсхийсэн, мөн хэвлэгдсэн сэтгүүлүүдийг сонгуулийн үеэр айл өрхүүдэд тараасан нь сонгуулийн сурталчилгааны зардлыг төсвийн мөнгөөр санхүүжүүлсэн ноцтой зөрчил гэж үзжээ. Гэхдээ энэ нь түүний цорын ганц зөрчил биш.

Мөн тэрээр 2024 онд Засгийн мэдээ ХХК-тай аймгийн Засаг даргын А/274, А/302 тоот захирамжуудаар 6,000,000 төгрөгөөр хоёр удаа гэрээ байгуулж, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах” нэрийн дор сонгуулийн сурталчилгааны сонин хэвлүүлжээ.

Үүнээс гадна аймгийн Засаг даргын 2023 оны А/1812 тоот захирамжаар Сова меда ХХК-тай 19,964,000 төгрөгийн “Төрийн мэдээ мэдээлэл, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаарх контент бүтээх” ажлын гэрээ байгуулсан байна.

Харин 2023 оны А/867 тоот захирамжаар БОХКГЭН ТББ-тай 19,960,000 төгрөгийн “Сэхээтэн малчин, малчин тариаланч залуусыг соён гэгээрүүлэх, урлаг, соёл, техник технологийн мэдлэгийг нэмэгдүүлэх” сэтгүүл хэвлүүлэх гэрээ байгуулсан боловч сэтгүүл хүлээн авсан нотлох баримтгүй, гэрээг огт дүгнээгүй байжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Төрийн өмч бол ард түмний өмч мөн. Төрийн өмчийн хөрөнгийг зөвхөн ард түмний эрх ашгийн төлөө ашиглана” гэж заасан байдаг. Төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгө нь төрийн өмчийн хөрөнгөд тооцогддог тул үүнийг хувь хүн, улс төрийн нам, нэр дэвшигчийн сурталчилгаанд ашиглах нь ард түмний өмчийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан гэж үзнэ.

Э.Болормаагийн энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй дараах тав хуулийн заалтуудыг зөрчсөн байж болзошгүй байна. 

 

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top