2026 оны 1 дүгээр сарын 1-нээс халаалт, дулааны үнийг эрчим хүчний тарифын нэгэн адил нэмэх тухай асуудал яригдаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний реформын хүрээнд Засгийн газар, салбарын яамнаас эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн нь иргэдийн нуруунд ихээхэн ачаа дарамт болж, инфляц өсөх цаад шалтгаан болсон нь нууц биш. Гэтэл Б.Чойжилсүрэн сайдын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний яамны харьяа төрийн өмчит компаниудын удирдлагууд эрчим хүчний реформыг сурталчлах нэрээр нэг, хоёрхон эзэмшигчтэй нэр бүхий хэдхэн компаниуд руу төсвийн мөнгийг цутгах шиг болжээ.
Тухайлбал, Эрчим хүчний яамны харьяа “Амгалан дулааны станц” ТӨХК 2024–2025 онд эрчим хүчний реформ сурталчлах нэрээр нэр бүхий этгээдүүдийн компаниуд руу их хэмжээний мөнгө төгрөг шижлүүлсэн байх юм.
Тус компанийн захирал М.Мөнхөө гэгч нь 2024 оны 10-р сарын 23 болон 2025 оны 2-р сарын 20-ны өдөр Майн Римек ХХК, Блейк стар альфа ХХК, Визлис визард ХХК, Энхансмент ХХК, Огмент ХХК зэрэг компаниудтай нийт 8 удаагийн гэрээ байгуулж нийт 159.6 сая төгрөгийг төсвөөс санхүүжүүлэн шилжүүлжээ.
Хамгийн сонирхолтой нь эдгээр компаниуд бүгд Ганбатын Баярмагнай, Мөнхбатын Маргад гэх өөр хоорондоо холбоо хамааралтай хүмүүсийн аж ахуй нэгжүүд ажээ.
Өөрөөр хэлбэл 156 сая төгрөгийг эрчим хүчний реформ сурталчлах нэрээр эдгээр хүмүүс халаасалж, Амгалан дулааны станцын захирал М.Мөнхөө тэдэнд давуу байдал олгожээ.
Ингэж давуу байдал олгохыг Эрүүгийн хуулиар хориглосон байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1-д “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг.
2022 онд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоныхоо дараа салбарынхаа төрийн өмчит компаниудын удирдлагыг ээлж дараалан өөрчилж, тойрон хүрээлэгчдээсээ томилж эхэлсэн байдаг. Тухайлбал, Увс аймагт ТМС-ийн багшаар ажиллаж байсан М.Мөнхөөг сайдын тамгаа авсныхаа дараахан Улаанбаатар хотод татаж авчран “Амгалан дулааны станц”-ын захирлаар томилсон нь мэргэжлийн бус хүнийг стратегийн чухал компанийн удирдлагад томилсоны тод жишээ юм.
Бид дараагийн удаа “Амгалан дулааны станц”-ын гүйцэтгэх захирал М.Мөнхөө албан тушаалын давуу байдлаа ашиглаж ах дүү хамаатан садныхаа компаниудад их хэмжээний мөнгө төгрөг шилжүүлсэн асуудлыг хөндөх болно.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (1)