өдөр
шөнө
×

“Ялагдсан улстөрчөөр намаа удирдуулдаггүй юм”

МАН-ын даргын суудлын төлөөх тулаан өнгөрсөн долоо хоногоос албан ёсоор эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдэв. Нөгөө талаас одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх гэж байна. Ерөнхий сайдын хувьд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч түүний хувьд намын даргын суудалд сууж байж Засгийн газрын тэргүүний суудал нь баталгаажина.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын хэд хэдэн үеийн гишүүд, удирдах зөвлөлийнхөн энд тэнд цугларч, намын шинэ дарга хэн байх вэ тухай уулзаж ярилцсан байна. Намын дарга хэн байхаас намын эв нэгдэл, ирээдүй хийгээд 2028 оны сонгуульд ялалт байгуулж чадах эсэх нь хамаарна.

Гол өрсөлдөөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын дунд өрнөх нь ерөнхийдөө тодорхой болсон. Энэ есдүгээр сард багтааж намын даргаа сонгох учраас энэ хооронд өөр өрсөлдөгч гарч ирж нэр дэвших боломж нь нээлттэй. Гэсэн хэдий ч хүчний тэнцвэр хоёр туйлд хуваагдчихаад байгаа учраас өөр хүний завсраараа оруулах нь юу л бол гэж Төрийн ордны сэтгүүлч нар ярьж байна.

ТЭР ЯЛАГДСАН...

Г.Занданшатарын сул тал нь тэрбээр өнгөрсөн парламентын сонгуульд 9 мандаттай тойрогт нэр дэвшиж, “Live”-чин Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатараас ердөө 2286 хүний саналын зөрүүгээр ялагдал хүлээж, УИХ-ын гишүүн болж чадаагүй юм. УИХ-ын даргаар ажиллаж байсан түүнийг ялагдал хүлээнэ гэж хэн ч тооцоолоогүй гэдэг.

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үед “ялагдсан хүнээр Ерөнхий сайд хийлгэдэггүй юм” гэх зарчмыг намын хийгээд УИХ-ын олон гишүүн хэлж ярьж байв. Энэхүү зарчмыг одоо МАН-ын гишүүд баримталж байна. Учир нь тус намын хувьд ялалт байгуулсан, ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг намын даргаараа сонгодог. Энэхүү дүрэм, зарчим нь намын эв нэгдэлд, бусдыгаа хүлээн зөвшөөрч, уриалан дагахад асар их нөлөө үзүүлдэг. Тиймээс Г.Занданшатарыг МАН-ын даргаар сонгохгүй байх нэг шалтгаан нь энэ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН...

Нөгөө шалтгаан нь Монголын улс төрийн ноён оргилд хүрч, намын харъяаллаас татгалзсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө МАН-д хүчтэй байгааг эсэргүүцэх намын жирийн гишүүн цөөнгүй байна. Г.Занданшатар түүний далбаан дор намирч байгааг хэн хүнгүй мэдэж байна. МАН-ын учир мэдэх гишүүд, тэр дундаа залуу гишүүд нь түүнийг намын даргаар сонговол намын зарчим алдагдаж, Ерөнхийлөгчийн нөлөө намд нэмэгдэж, цаашлаад ардчилсан парламентын засаглал алдагдана гэсэн болгоомжлол яригдаж байна. Түүнчлэн, ирээдүй хойч үедээ зааж зөвлөөд явж байх ёстой экс улстөрчид намын удирдах түвшний ажилд гүн гүнзгий оролцож, “come back” хийх гэж зүтгэж байгаад намын залуу гишүүд дургүй байгаа юм.

ТЭР ЯЛАЛТ БАЙГУУЛСАН...

Д.Амарбаясгалангийн тухай сөрөг мэдээллүүд өнөөдөр хэвлэл мэдээлэл, цахим орчинд айхтар тархаж, зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байгаа тухай тэрбээр сошиал хаягтаа бичиж илэрхийлжээ. Гэсэн ч түүнд намын даргын сонгуульд өрсөлдөх маш том давуу талууд байгаа нь энэ бүх худал хуурмаг гүтгэлэгт цэг тавьж байна.

Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд 10 мандаттай, хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй тойрогт нэр дэвшиж 3-т жагсаж гишүүнээр сонгогдсон юм. Өөр тойрог хэдий ч саналын тоогоороо Г.Занданшатараас 20,550 хүний саналаар илүү гэсэн үг. Тиймээс намын нөхөд нь Д.Амарбаясгаланг тойрогтоо ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон учраас итгэх ёстой гэж үзэж байна.

Түүнд өөр бусад том ялалтууд бий. Энэ нь зөвхөн өөрийнхөө тойрогт нэр дэвшээд ялалт байгуулсан асуудал биш юм. Д.Амарбаясгалан сүүлийн хоёр сонгууль дараалж МАН-ыг УИХ-ын сонгуульд ялалтад хүргэсэн голлох менежер бөгөөд шинэ үзэл санаа, шинэ арга барилаар, багийг нэгтгэдэг чадвар нь түүнийг генсекийн ажлаа нэр төртэй хийснийг гэрчилнэ. Тиймээс түүнийг “ялалтын менежер” гэж нэрлэдэг. Хэзээ ч ялалт байгуулж байгаагүй тойрогт биечлэн анхаарч ялалт байгуулахад онцгой анхаарч ажилладаг нь маргах аргагүй мундаг менежер гэдгийг нь гэрчилнэ. Энэ нь түүнийг Г.Занданшатараас хэд дахин илүү бөгөөд намын даргын потенциалтай гэдгийг баталж, намын зарчмыг алдагдуулахгүй байхад нөлөө үзүүлэх юм.

ХҮН БУС ХУУЛЬ ЗАСАГЛАНА...

Д.Амарбаясгалан намын даргын сонгуульд оролцоно гэж мэдэгдэхдээ “хүн бус хууль засаглана...”, “парламентын зарчим...” хэмээн тодотгосон нь учиртай байв. Г.Занданшатар Ерөнхий сайд болсон нь эрх баригч МАН дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө өндөр байгааг баталсан явдал юм. Харин шинэ үеийн гишүүд экс намын даргын нөлөө намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж буй. Энэ нь ардчилсан парламентын тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд нэг хүний дарангуйлал тогтох эхлэл болж байгааг хэн хүнгүй тодорхойлох болов. Д.Амарбаясгалангийн хувьд намын ч тэр, улс орныг ч тэр ардчилсан парламентын тогтолцоогоо хамгаалах, бэхжүүлэх зарчмыг тууштай баримтлах ёстой гэж зоригтой илэрхийлчихлээ. Тиймээс хүн бус хууль засаглана хэмээн тодотгосон биз ээ.

Т.Баяр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top