Ерөнхий сайд Г.Занданшатарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг хүргэж байна. Энэхүү баг хамт олон нь засгийн тэргүүнийг гоё харагдуулах учиртай.
Өмнөх Ерөнхий сайдууд Г.Занданшатар шиг ийм олон хүний бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг ажиллуулж байгаагүй. Газрын дарга, хоёр гурван сэтгүүлч, мэргэжилтэн ажиллаж, их ажлын ард гарцгаадаг байсныг хэвлэлийн салбарынхан мэднэ.
Гэтэл Г.Занданшатар мэргэжлийн сэтгүүлчдээс гадна сошиал медиа сувгаа хөтлүүлэх баг бүрэлдэхүүнийг оруулаад иржээ. Өргөн бүрэлдэхүүнтэй сошиал баг нь өдөр тутмын Story-ноос эхлүүлээд гоёмсог ганган reels гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй гэнэ.
Г.Занданшатар ажлаа аваад удаагүй байхдаа төрийн данхар бүтцийг багасгаж, орон тооны цомхтгол хийнэ гэж мэдэгдсэн. Энэхүү цомхтголд 14,400 төрийн албан хаагч багтана гэж байв. Гэтэл түүний хэвлэлийн баг нь 100 ямаанд 60 ухна гэгчээр хэтийдсэн бүрэлдэхүүнтэй байна. Энэ нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, төсвийг хэмнэх бус баруун солгойгүй цацаж байгаа явдал болох бөгөөд хэлсэн ярьсныхаа эсрэг ажиллаж байгаа үйлдэл юм.
Энэхүү цахим мэдээллийн хэлтсийн нэг ажилтан нь төрийн албаны шатлалаар багадаа 3,5 сая төгрөгийн цалин авах бөгөөд тус баг нь сард төсвөөс 30 орчим сая төгрөгөөр цалинжиж чамин ганган Reels хийнэ гэсэн үг.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа, дээр дооргүй төсөв мөнгөө хэмнэх тухай сайд дарга нар ярьж байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль ч үйлчилж байгааг санах хэрэгтэй. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг эдийн засгийн оновчтой бодлогоор бус гоё чамин Reels видеогоор удирдах гээд байна уу гэсэн хардалт төрж байгааг цохон тэмдэглэе.
Т.Баяр