Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оноос эхлэн сүр дуулиантай өрнөж байна. Хавар, зуны улиралд төрийн болон хувийн хэвшлүүд бөөнөөрөө мод тарьж, хэдэн дарга нар нь мод суулгаж буйгаа видео болгон сошиалаар цацах нь энгийн үзэгдэл болжээ.
Гэвч бодит байдал дээр тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд тарьсан моднууд нь эхнээсээ үхэж эхэлсэн харамсалтай дүр зураг харагдах боллоо, сүүлийн үед.
Жишээ дурдахад, өнгөрсөн онд Хархорум хотын шинэ төв цэцэрлэгт хүрээлэнгийн эхлэл болгож 330,000 мод тарьжээ. Энэ ажлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцаж, нийт 1.4 тэрбум төгрөгөөр нялх нарс, гацуур худалдаж авсан байна.
Гэвч гуравхан сарын дараа тарьсан моднууд нь шарлаж гандаж, бараг бүгд үхсэн дүр зураг нийгмийн сүлжээнд цацагдаа.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр буруу газарт, буруу мод тарьж, арчилгаа тордлогоо хийлгүй орхисон нь ингэж хатаж гандан үхэх шалтгаан болсон бололтой.
Өөрөөр хэлбэл, төсвийн 1.4 тэрбум төгрөгийг ингэж мод тарих нэрээр салхинд хийсгэчихлээ гэсэн үг.
Хувийн хэвшил тэрбум мод санаачлагад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж болох ч тэдэнд албан шаардлага төдийлөн байхгүй. Харин төрийн өмчит компаниуд, агентлагуудын хувьд энэ нь коммунизмын үеийн “суботник” шиг тушаалаар гүйцэтгэдэг ажил болон хувирсан болох нь нууц биш.
Тэдний хувьд тарьсан модны тоогоо бүртгүүлж, тайлангаа өгч, Ерөнхийлөгчийн “санаачилгыг дэмжсэн” гэх цол хүртээд өнгөрдөг. Харин тарьсан модоо арчлах, ургуулах ажил нь орхигдсоор л.
Мод тарих нь сайн хэрэг. Гэхдээ хэчнээн мод тарьснаар бус, хэд нь амьд үлдэж ургаж байгаагаар энэ ажил хэмжигдэн үнэлэгдэх ёстой.
Ерөнхийлөгч өө, тэрбум модны чинь хэд нь өнөөдөр ургаж байна вэ? Хэд нь хатаж үхэв? Хэдэн тэрбум төгрөг Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэнд тарьсан мод шиг, хатаж гандан салхинд хийсэв гэдэг тайлангаа ард түмэнд тавих цаг чинь болсон юм биш үү.
Т.Баяр
Сэтгэгдэл (1)