Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах асуудлуудаар мэдээлэл танилцууллаа.
Эрдэнэс Таван толгой компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсноор нүүрсний борлуулалт сар бүр 1.7 сая тонноос 2.7 сая тонн болж өсөв. Тээвэрлэлтийн хэмжээ 400 мянган тонноос 600 мянган тонн болж, экспорт 1.2 дахин нэмэгдсэн байна. Ингэснээр сарын дундаж орлого 120 сая ам.доллараас 150 сая ам.долларт хүрчээ.
Олборлолт 2.3 сая тонноос 2.6 сая тонн болж нэмэгдсэн бөгөөд шахааны бизнес явуулсан албан тушаалтнуудад хуулийн байгууллагаар хариуцлага тооцсон гэж мэдээлэв.
Эрдэнэт үйлдвэр дээр зэс хайлуулах үйлдвэр байгуулах бөгөөд энэ нь стратегийн хөрөнгө оруулагч болон технологи эзэмшигч компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалтаар хэрэгжих юм. Төсөлд шалгарсан компанитай хувьцаа эзэмших хэлбэрээр хамтран ажиллана.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ган боловсруулах үйлдвэрийг мөн адил зарчмаар байгуулна. Одоогоор тус үйлдвэр 100 мянган тонны хүчин чадалтай ч 15 мянгыг л хайлуулж байгаа тул үндсэн чиглэлдээ эргэн төвлөрөхийг даалгажээ.
Төрийн өмчит компанийн захирлуудын цалинг тогтмолжуулж, УИХ-ын гишүүн, сайдын цалинтай дүйцүүлнэ. Үр дүнгээс нь хамаарч улирал тутам урамшуулал, нэмэгдэл олгох тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
УИХ-ын шийдвэрээр 238 мянган төрийн албан хаагчийг 218 мянга болгон 9 хувиар цомхотгоно. Энэ ажлыг тэтгэвэрт гарсан, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд шинэ хүн авахгүйгээр хэрэгжүүлж, ажилтнуудыг хохироохгүй байх зарчмыг баримтлах аж.
Мөн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэ тогтолцоог эхлүүлсэн байна.