Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн өнгөн дээр түүний толгойлсон салбарын төрийн өмчит компаниуд худалдан авах ажиллагааны хууль, дүрмийг зөрчин "цүнхний" гэгддэг компаниудтай олноор нь гэрээ хэлцэл байгуулан төсвөөс их хэмжээний мөнгө төгрөг шилжүүлж байгаа нь энэ салбарт зохион байгуулалттай хулгай нүүрлэсний дохио гэлтэй байна.
Ингэж бичих болсон шалтгаан нь 2024 оны аравдугаар сараас хойш өнөөг хүртэл Майнримек ХХК, Блейк стар альфа ХХК, Огмент ХХК, Визлис визард ХХК зэрэг нэр бүхий компаниуд “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах” нэрээр Эрчим хүчний яамны харьяа агентлагууд болон төрийн өмчит компаниудтай асар олон удаагийн үйлдлээр гэрээ байгуулж, их хэмжээний мөнгөн дүнтэй төлбөрийг шилжүүлэн авсантай холбоотой юм.
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд дээрх компаниуд нь харилцан холбоо хамаарал бүхий, нэгээс хоёр эзэмшигчтэй буюу Мөнхбатын Маргад, Ганбатын Баярмагнай гэх хоёр иргэний хамтран хувь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг аж ахуй нэгжүүд болох нь тодорхой байна.
Салбарын яам өнгөрсөн оноос эхлэн “эрчим хүчний реформ” нэрийн дор эрчим хүчний үнэ тарифыг огцом нэмж, иргэдийн нуруунд их хэмжээний ачаа үүрүүлсэн. Гэвч үүний дараахнаас буюу тарифын нэмэгдлийг иргэдэд “ойлгуулан сурталчлах” нэрээр төрийн өмчит компаниудаар дамжуулан энэ мэтийн “цүнхний” компаниуд олон удаагийн давтамжтай гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө төгрөг халааслах болсон нь ёстой л нөгөө түмний төлсөн татвараар бүрдсэн төсвийн мөнгө уйлдаггүй гэгчийн үлгэр гэлтэй.
Хамгийн ноцтой нь эрчим хүчний салбарын ТӨХК-ууд нэг эзэмшигчтэй олон компаниудтай гэрээ хэлцэл байгуулахдаа ихэнхдээ худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүй, өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй зардал гарган хууль зөрчиж байсан нь илэрчээ.
Баримт дурдахад, Л.Эрхбаатар захиралтай “Дулааны цахилгаан станц 3” ТӨХК 2024 онд Майнримек ХХК, Блейк стар альфа ХХК, Огмент ХХК, Визлис визард ХХК-тай нийт 79,840,00 төгрөгөөр гэрээ байгуулжээ. Аудитын байгууллага үүнийг нь “худалдан авах төлөвлөгөөнд тусгаагүй үйлчилгээний зардал гаргасан, өөрт хамааралгүй үйл ажиллагааг санхүүжүүлсэн” гэж үзэн акт тавьж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил гэж дүгнэсэн байна.
Гэсэн хэдий ч Л.Эрхбаатар захирал аудитын байгууллагын акт зөвлөмжийг үл тоон, 2025 оны хоёрдугаар сард дахин Огмент ХХК, Майнримек ХХК, Визлис визард ХХК-уудтай “Эрчим хүчний тариф нэмэгдсэнээс хойшхи эрчим хүчний салбарт үүсэж буй давуу талыг олон нийтэд сурталчлах” гэх мэтийн ерөнхий зорилгын хүрээнд гэрээ байгуулж, компани тус бүрт 19,960,000 төгрөг, нийтдээ 59,880.000 төгрөг олгосон байна.
Төсвөөс гарсан энэ мэт их хэмжээний мөнгө төгрөг эцэстээ өөр, өөр нэртэй компанийн дансаар дамжин давуу эрхтэй нэг хоёрхон этгээдийн халаас руу урсан орсон болох нь тодорхой байна. Харин амташсан хэрээ арван гурав эргэлдэв гэгчээр тэдний энэхүү үйлдлийг далдаас дэмжин, өөхшүүлэн хөхүүлж байгаа том толгойтой албан тушаалтан хэн бэ гэдэг нь анхаарал татаж байна. Аудит илрүүлчихээд хариуцлага тооцож чадахгүй байгаа бол АТГ, Эрүүгийн цагдаагийн алба шалгаж тогтоон мухарлах л асуудал.
Товчхондоо бол, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тариф нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ДЦС-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар мэтийн албан тушаалтнууд цахилгааны үнийн нэмэгдлийг иргэд олон нийтэд “ойлгуулан сурталчлах” нэрийн дор төсвийн мөнгийг “цүнхний” компаниуд руу цутгаж байгаа нь ойлгомжтой байна.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN