өдөр
шөнө
×

“Сахал” Д.Эрдэнэбилэг “Халзан бүрэгтэй” төслөө эхлүүлэхийн тулд явцгүй арга хэрэглэж эхэлжээ

“Сахал” Д.Эрдэнэбилэг Ховд аймгийн Мянгад сумын газрын хэвлийг хөндөөд багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд хайгуулын судалгаа нэлээд хийж, газрын ховор элементийн төслөө энэ оноос албан ёсоор эхлүүлж, олборлолтоо эхлүүлэхээр зэхэж байсан юм.

Гэвч ховдчууд “Халзан бүрэгтэй” газрын ховор элементийн төслийг эхнээсээ эсэргүүцсээр ирсэн нь үр дүнд хүрч, өдгөө төсөл зогссон байдалтай байна. 2024 оны намар, 2025 оны хавар иргэдийн хүчтэй эсэргүүцэл өрнөж, төслийг хэрэгжүүлэгч “Монголын үндэсний ховор элемент” ХХК-ийн (“MNREC”) ажилчдын гэрийг буулгаж, машин техникүүдийг нь хөөсөн юм. Учир нь тухайн үед төсөл албан ёсоор эхлэхээр ховдчуудыг сандаргаж байсан цаг үе.

Газар шороогоо хамгаалъя, одоо байгаа хэвээр нь авч үлдэе гэсэн ховдчууд Фэйсбүүкээр өөр хоорондоо холбогдож мөнгөний төлөө байгаль орчноо бохирдуулахгүй гэж тэмцлээ эхлүүлсэн байдаг. Олон зуун пост, мэдээллүүд, иргэдийн гомдлууд өдгөө ч хөвөрч байна.

Ямар сайндаа ховдчууд “Халзан бүрэгтэй” төслийн талбай орчим руу том машин олноороо зүглэх, хажуу хавиар нь өнгөрөхөд “газар шороогоо ухуулахгүй шүү” гээд сандарч, өөр хоорондоо мэдээлэл солилцож, хурдан хугацаанд цугладаг болжээ. Ховдчуудын сошиал медиа сувгаар бичиж байгаа пост, сэтгэгдэл зэргүүдээс ажиглавал тэдний дийлэнх нь буюу 98 хувь нь энэхүү төслийг эхлүүлэхийг эсэргүүцсэн байна. Өөрөөр хэлбэл, ховдчууд “Халзан бүрэгтэй” төслийг хэзээ ч эхлүүлэхгүй гэдэгт бат зогсож байсан гэсэн үг.

Харин “Монголын үндэсний ховор элемент” ХХК өнөөдөр малчдыг өөрсдөдөө татах арга хэрэглэж байна. Тус компани “Халзан бүрэгтэй хөгжлийн сан” гэгчийг байгуулж зөвхөн Ховд аймгийнханд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, малчин өрхийг дэмжих хүүгүй зээл гэгчийг санаачилж ажиллаж байгаа гэнэ. Гэвч хэрсүү ховдчууд банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн энэхүү башир аргад автахгүй гэдгээ сэтгэгдлээр илэрхийлсээр байгаа юм. Малчдын хувьд мөнгө зээлүүлэх замаар барьцаалж, газар шороог нь ухах гэж байна хэмээн сэтгэгдэл бичжээ. Ийм аргад автахгүй байхыг бусдадаа уриалсан байна.

Т.Баяр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top