өдөр
шөнө
×

З.Сугар: Японы зах зээлд гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулах “Shibuya Startup Challenge” хөтөлбөрийн эцсийн шалгаруулалт форумын үеэр зохион байгуулагдана

Японд сургууль төгсөгчдийн “Жугамо нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал З.Сугар: Японы зах зээлд гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулах “Shibuya Startup Challenge” хөтөлбөрийн эцсийн шалгаруулалт форумын үеэр зохион байгуулагдана

Өнгөрсөн жил зохион байгуулсан "МОНГОЛ-ЯПОНЫ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ИННОВАЦЫН ФОРУМ"-ыг ямар дүнгээр үнэлж байна вэ? Тус арга хэмжээ ямар үр дүн, үр өгөөжийг авчирсан бэ?

Форумын хувьд 500 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд төрөл бүрийн салбарын мэдээлэл авч, хоорондоо харилцаа тогтоох суурь болсон гэж харж байгаа. Ялангуяа тулгарч байгаа асуудлууд дээр хэн нэгэн албан тушаалтан, системийг шүүмжлээд, хүлээгээд суугаад байлгүй хувийн хэвшил өөрсдөө юу хийх боломжтой вэ, ямар сайн туршлагууд байсан бэ гэдэг дээр зөв сэдэл өгч чадсан байх гэж найдаж байна.

Тухайн үеийн оролцогчдод ямар сэтгэгдэл төрсөн бэ? Тэдний санал хүсэлтийг хэрхэн авч ажиллаж байна вэ?

Оролцогчдын зүгээс “бизнес матчинг” буюу хоорондоо холбогдох боломж үүсгэж өгөхийг хүссэн хүсэлт их байсан тиймээс энэ жил нийт оролцогчдын мэдээллийг өөрсдөөс нь авсан зөвшөөрлийн хүрээнд хуваалцаж хоорондоо шууд холбогдох боломжоор хангаж өгч байгаа.

Өнгөрсөн жилийн туршлагаас үндэслэж, энэ жил ямар шинэ санаачилга, өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна вэ?

Үйл ажиллагаа маань Монгол Японы төр, хувийн хэвшлийн олон байгууллагын хамтын ажиллагаа дээр бүтэж байгаа. Энэ утгаараа олон хүний хичээл зүтгэл дээр тогтож байгаа гэсэн үг. Мөн жил бүр тогтмол оролцдог хүмүүс ч гэсэн цөөнгүй олон байгаа. Тиймээс зүгээр нэг цуглаад гоё юм яриад өнгөрөх биш аль болох бодитой, хөрсөн дээрээ буусан, бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой туршлагуудыг танилцуулсан үйл ажиллагаа болгохыг зорьж байна.

Энэ форум нь Монгол, Японы залуу бизнес эрхлэгчид, судлаачид, оюутнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэхэд түлхэц болох вэ?

Энэ жилийн хувьд Нийслэлийн Бизнес Инновацын газар Жайка, Shibuya Startup Support, GTN компани зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа Shibuya Startup Challenge хөтөлбөрийн эцсийн шалгаруулалт форумын үеэр зохион байгуулагдах гэж байна. Энэ хөтөлбөр нь Монголоос стартап компанийг шалгаруулан Японд стартап виз авах, Япон дахь стартапуудтай харилцаа тогтоох, тэнд амьдрахад нь өндөр дэмжлэг үзүүлэхээр болсон байгаа. Энэ бол залуу бизнес эрхлэгчдийг бодитойгоор дэмжиж байгаа нэг хэлбэр гэж бодож байна.

Судлаач, оюутнуудын хувьд энэ жил зохион байгуулагдаагүй ч гэсэн өнгөрсөн хоёр жил ЖАЙКА-с санаачлан зохион байгуулсан MICS хөтөлбөр олон хүмүүст өөрсдийн санаагаа бизнес болгон хөгжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, хамтрагчаа олох сайхан боломжоор хангаж өгсөн гэж бодож байна.

“Жугамо нийгэмлэг” болон оролцогчдын хувьд энэ арга хэмжээ ямар ач холбогдолтой вэ? Таны бодлоор, энэ форум нь хоёр орны хооронд ямар шинэ боломжуудыг нээж байна вэ?

Манай нийгэмлэгийн хувьд хоёр орны харилцаанд олон талт хэлбэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ажилладаг. Өдий болтол хоёр улсын харилцаа соёл, боловсрол, улс төрийн салбарт маш өргөн дэлгэр байсан боловч эдийн засгийн, хувийн хэвшлийн харилцаа хараахан дутагдалтай байгаа гэж хэлж болно. Тиймээс сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн харилцааг сайжруулах чиглэлд олон байгууллагуудтай нээлттэйгээр хамтран ажиллаж байгаа.

Энэ жилийн форумд ямар онцгой илтгэл, хэлэлцүүлэг, арга хэмжээ төлөвлөж байна вэ? Тухайлбал, шинэ технологи, инновацийн чиглэлд ямар онцлох сэдвүүд байна вэ?

Хувийн зүгээс хамгийн хүлээлттэй байгаа салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар. Учир нь энэ хэсэгт оролцох илтгэгчид маань Монгол, Япондоо амжилттай бизнес эрхэлж байгаа төдийгүй хоёр орны хамтын ажиллагаанд үндэслэн зүүн өмнөд ази, төв ази, америк зэрэг гуравдагч зах зээлийг зорьж, тодорхой хэмжээний амжилттай яваа бизнес эрхлэгчид учир бидний урьд өмнө хараагүй шинэ боломж, шинэ туршлагын талаар хуваалцах байх гэж бодож байна.

Оролцогчдын сэтгэл ханамж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?

Зохион байгуулагчдын зүгээс мэдээж аль болох нээлттэй мэдээлэлтэй, олон талт боломж гаргаж өгөхийг хичээж байгаа. Энэ хүрээндээ урьдчилан бүртгүүлсэн зарим компаниудад өөрсдийн бизнесээ танилцуулах боломжийг гаргаж өгч байгаа. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс хийж чадах зүйлс тодорхой хэмжээнд хүрээнд хүрээд дуусах учир оролцогчид маань өөрсдөө идэвхтэй, санаачилгатай байж энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаасай гэж хүсэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top