өдөр
шөнө
×

“Халзан бүрэгтэй” төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин: Иргэд ирээд хүн зодоод явдаг

Төрийн ордонд “Монголын эдийн засгийн форум”-ын үеэр “Халзан бүрэгтэй” газрын ховор элементийн төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин хэвлэлийнхэнд тайлбар өгсөн байна.

Тэрбээр “... газар дээрх шийдвэр, Төрийн ордонд гарч байгаа шийдвэр тэс ондоо. Алт-3 хөтөлбөрийн хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст хариуцлага тооцохыг цагдаагийн газарт даалгасан байдаг. Гэтэл тавдугаар сарын дундуур Халзан бүрэгтэйд иргэд ирээд гэрийг нь буулгасан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ч тэгсэн. Маш их хэмжээний хохирол учирч байгаа. Хамгийн учир дутагдалтай нь үүний араас төрийн байгуулага арга хэмжээ авахгүй байна. Иргэд 10, 20, 100-гаараа ирээд гэр буулгаад хохирол учруулаад, хүн зодоод явдаг. Араас нь шүүх, цагдаа ажилладаггүй. Энэ нь иргэдийн буруу биш. Иргэд ингэж болдог юм байна, хуулийн хариуцлага байдаггүй юм байна гэж бодож байна. Ирээд бид нар хөөгөөд, ачаад явуулчихаж болдог юм байна гэж бодож байна. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 7, 8 гомдол өгсөн. Үүний 4, 5 нь л шийдэгдэх төдий байна…” хэмээн ярьсан байна.

“Халзан бүрэгтэй” газрын ховор элементийн төслийн хайгуулын ажил эхэлснээс хойш орон нутгийн иргэд эсэргүүцсээр ирсэн байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард, энэ оны тавдугаар сард олон зуун иргэн төслийн талбайд байрласан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн ажилчдын гэрийг буулгаж, техник тоног төхөөрөмжүүдийг нь зайлуулахыг шаардсан билээ.

Нутгийн иргэдийн хувьд энэхүү төслийг хэрэгжүүлэх нь байгаль орчинд хор хөнөөл үзүүлнэ гэж эсэргүүцэж байгаа юм.

Дашрамд дуулгахад, энэ оны есдүгээр сарын 10-нд Төрийн ордонд “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон билээ.

Б.Батбаатар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top