өдөр
шөнө
×

Шагнал цөөхөн байхдаа үнэ цэнэтэй…

Үндэсний баяр наадам, Сар шинийн баяр гэх мэт нийтээр тэмдэглэдэг баярын өмнө Монголын төр засаг салбарын шилдгүүддээ одон медаль гардуулдаг уламжлалтай.

Социализмаас уламжлагдаж, өнөө цагт улам эрчээ авсан ганц зүйл бол одон медаль олгох явдал.

Талын нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс л хэн нэгнээс “үнэгүй” зүйл авах дуртай байсан байдаг. Дайн тулаанд явж ирсэн дайчид нь ар гэртээ дайны олзоо хуваалцаж, гадаадын зочид төлөөлөгчдөөс бэлэг сэлт авах, ноёд түшмэдээсээ шан харамж авах гэх мэт. Ёстой л авахын ордонд төрчихсөн гэлтэй. Шагнал урамшуулал Манжийн үед ч үргэлжилсэн байдаг. Монголын ноёд Манжийн засаг захиргаанаас цол хэргэм, цалин пүнлүү, шагнал урамшуулал авч байсан түүх бий. Энэ тухай нийтлэлч Цэнддоо гуай Б.Цэнддоо гуай “Монгол хүнийг 3 үгээр” хэмээх номондоо ёгтлон бичсэн байдаг.

Эргээд шагналын адал явдалдаа орцгооё. Наадам дөхсөн энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд шагналын хур бууж байна. Энд тэндгүй цэцэг барьсан төрөл садан, ажлын хамт олон нь одон медаль авсан хүнээ баяр хөөртэй угтаж байгаа нь бидэнд дасал болсон үзэгдэл.

Гэвч шагналын тоо арай олон уу, энэ хүн авах ёсгүй шүү дээ, тэр хүнд л өгөх байсан юм хэмээн иргэд тал бүрээр шүүмжлэлтэй хандаж байна. Одон медаль авсан зарим хүн Төрийн ордны Чингисийн хөшөөний доогуур, улаан хивсэн дээгүүр гишгэж гарахаасаа санаа зовсон уу, бүү мэд, арын хаалгаар гарч одсон сурагтай байна.

УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа гавьяат хуульч болсон юм байх. Гэтэл сошиалд хүмүүс түүнийг шүүмжилж байна. Тэрбээр ямар гавьяа байгуулсан гэж энэхүү нэр хүндтэй цол тэмдгийг авч байгаа юм бэ гэж. Ш.Адьшаа Ховд аймгийнхаа прокурорын байгууллагаас ажлын гараа эхэлж, гаалийн байгууллагад хэдэн жил ажиллаж, “Гаалийн” Адьшаа гэж нэрлэгдэж ирсэн билээ. Харин тэрбээр хууль тогтоох байгууллагад 4 жил л ажилласан. Гавьяат хуульч гэхээр Ч.Чимид агсантай эн зэрэгцэж байгаа нь энэ юм байх аа. Шинэхэн гавьяат Ш.Адьшаа гуай цол тэмдгээ зүүж гарч ирээд хэвлэл мэдээллийнхэнд баяр, бахархлын ярилцлага өгөөгүй зугтсан нь “хэцүүхэн ч юм даа” гэж ойлгохоор.

Мөн л олныг гайхшруулсан гавьяат бол уртын дуучин Б.Батцэцэглэн юм. Ур чадвар өндөр дуучин бүсгүйг хүмүүс жаахан гайхах янзтай хүлээж авав. Олны шүүмжлэлийн хамгийн олон дурдагдсан зүйл нь “арай эрт гавьяат цол өгчихлөө” гэх. Зарим нь Б.Батцэцэглэн гэж дуучин байдгийг энэ өдрүүдэд мэдэж авч байх жишээний.

Тэгвэл олны шаардлагаар, байгууллагын тодорхойлолтоор бус ард түмний тодорхойлолтоор гавьяат хүртсэн хүн бол жүжигчин Д.Бямбацогт юм. “Ноён солиот” УСК-нд гол дүр бүтээсэн нь 2000 оны үед үнэхээр хит болж, мань жүжигчнийг үзэгчид “ноён солиот” гэж нэрлэх болсон билээ. Түүнийг гавьяатын тэмдгээ аваад хун цагаан хөлөгтөө суугаад явахад ард түмэн ихэд баярлаж, ёстой л шагнал нүдээ олно гэж энэ байх хэмээн баярлаж байна.

Д.Бямбацогтыг хэдэн сарын өмнө шагналд тодорхойлчихоогүй, хэдхэн хоногийн өмнө л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяатад тодорхойлсон гэж хүмүүс ярина билээ. Шинэхэн гавьяат хэвлэлийнхнээр хүрээлүүлчихээд "Намайг гавьяат болоосой гэсэн олны хүсэл байсныг сая л мэдлээ..." хэмээн ярьсан нь гуйж аваагүй, гуядаж авсан шүү гэдгийг нь илтгэнэ.

Нүдээ олсон шагнал гэдэг бидний үг нь шагнал цөөхөн байхдаа үнэ цэнэтэй гэдгийг мөн илэрхийлэх биз ээ…

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top