Ховд аймгийн Мянгат сумын нутаг дахь газрын ховор элементийн нөөцтэй “Халзан бүрэгтэй” ордын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тогтоолыг ЭЗБХ, БОХХААБХ өнөөдөр баталлаа.
Тус орд газарт “сахал” Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК хайгуулын ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард иргэдийн эсэргүүцлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна.
Гурав, дөрвөн жилийн өмнөөс “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК ордын хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлэхээс эхлүүлээд нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж, орон нутгийн эрх баригчид хэд хэдэн удаа төслийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байсан юм. Үүний хариуд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үеийн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг шүүхэд өгч байв.
Нутгийн иргэдийн эсэргүүцэл идэвхжиж “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн ажилчдын гэрийг буулгаж, машин техник, тоног төхөөрөмжүүдийг нь хөөж зайлуулах хэд хэдэн удаагийн үйлдэл гаргасан билээ.
Иргэдийн хувьд “Халзан бүрэгтэй” ордыг ашиглаж эхэлснээр газрын ховор элемент олборлохоос гадна уран олборлож, энэ нь нутгийн байгаль орчин, ундны ус, цаашлаад нуур цөөрөмд ихээхэн хохирол үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Харин “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн зүгээс төслийн газраас уран олборлохгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ.
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тэргүүлж ажиллана. Сонсголыг энэ оны есдүгээр сарын 10-нд Төрийн ордонд зохион байгуулна.
“Халзан бүрэгтэй” ордын сонсголд УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачдаас гадна “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн төлөөлөгчид, нутгийн иргэдийн төлөөлөл оролцох юм.
Б.Батбаатар