Хөвсгөл аймгийн Арбулаг сумын дунд сургуулийн математиктийн багш хуурамч дипломтой байсан нь 2023 онд илэрсэн. Тэрбээр хуурамч бичиг баримт ашиглаж улсад ажилласан нөхөн төлбөр болох 126 сая төгрөгийг улсад буцааж төлж барагдуулахаар болсон байдаг.
Гэвч залуухан багш энэ их хэмжээний мөнгийг буцааж төлж чадахгүйн улмаас ар гэртээ гэрээслэл бичээд амиа хорлосон хэрэг явдал хэдхэн хоногийн өмнө гарч, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд анхаарал татаж байна.
Хэвлэлүүдэд бичсэнээр тухайн багш нь 2008 онд МУИС-д 750 оноотой элсэж, 4 жил орчим суралцаж, төгсөх жилдээ ар гэрийн хувийн асуудлаас болж үзэх ёстой кредит хичээлээс хоёрыг нь судлаагүйн улмаас дипломоо авч чадаагүй. Тиймээс талийгаач хожим нь диплом гаргаж өгнө гэх хүнд мөнгө төлж хуурамч дипломтой болсон байжээ.
Ийнхүү дипломтой болж улсад 12 жил ажилласан байна. 2023 онд гарсан шүүхийн шийдвэрийг талийгаач төлж барагдуулахгүй гэж зүтгээгүй бөгөөд хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн байдаг. Гэсэн ч шүүх 126 сая төгрөгийн хэмжээг бууруулаагүй, хуулиа журмаа баримталсан бололтой.
Их хэмжээний өр төлбөрт орсон, төлж барагдуулах боломжгүй залуухан багш эхнэр хүүхдүүд, алдрай бяцхан шавь нарыгаа орхиод нас барсан нь нэгийг биш нэлээдийг бодогдуулна.
Тийм ээ, аль ч улсын боловсролын салбарт зохих ёсны зөвшөөрөлгүй, хуурамч бичиг баримттай боловсролын үйлчилгээ үзүүлсэн бол хариуцлага тооцох тогтолцоо бий. Гэхдээ дээрх хэрэг явдалд “гэхдээ” хэмээх хүн ёсны асуултууд урган гарч, иргэд “эгдүүлцэж” байна. Иргэдийн хамгийн их ач холбогдол өгч байгаа сэтгэгдлүүдээс хуваалцъя…
Алс хязгаар сумын сурагчдад боловсрол олгож байгаа хичээл зүтгэлийг нь харж үзээд 126 сая төгрөгөөс нь хөнгөлөлт үзүүлж яагаад болоогүй юм бэ?
Тогтвортой ажиллаж байгааг нь үнэлж багшийн дипломыг олгож болохгүй байсан уу?
10 гаруй жил ажиллаж байхад Боловсролын яам нь хожим олон жилийн дараа энэ явдлыг олж мэдсэн нь дэндүү хугацаа алдсан явдал биш үү?
Шүүх байгууллага дэндүү харгис хандсан байна…
Эгэл жирийн багш ердөө хуурамч дипломны төлөө 126 сая төгрөгийн төлбөрт унаж байхад авлигачид 40 сая төгрөгөөд ялаас мултардаг… гэх мэт иргэд харамсаж, бухимдлаа илэрхийлжээ.
Талийгаач багшийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (1)