Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлд холбогдох тансаг хэрэглээ олон нийтийн шүүмжлэл дагуулж буй энэ үед татвар төлөгчдийн мөнгө төрийн өндөр албан тушаалтнуудын үүсгэн байгуулсан ТББ руу урсаж буй баримтууд ил боллоо.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Ардын намын гишүүн Ч.Ганхуяг нарын 2022 оны 3-р сарын 21-нд хамтран үүсгэн байгуулсан “Монголын шинэ эдийн засгийн форум” нэртэй төрийн бус байгууллага (РД: 6838952) нь байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацааны дараа нийт 2.6 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт авсан байна.
Энэхүү санхүүжилт нь тендерийн хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд “ашиг сонирхлын зөрчил”, “төсвийн мөнгөний шамшигдуулалт” гэх асуудлуудыг араасаа дагуулж болзошгүй байна.
Санхүүжилтийн баримтууд
- Эдийн засаг, хөгжлийн яамнаас: 1,556,701,067.82 төгрөг
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас: 1,068,498,661.00 төгрөг
- Нийт: 2,625,199,728.82 төгрөг
Шилэн дансны мэдээллээр энэ мөнгө “Бүсчилсэн хөгжлийг дэмжих Монголын Эдийн засгийн форум” болон “Улаанбаатар бүсчилсэн форум зохион байгуулах” нэрийдлээр 20 удаагийн гүйлгээгээр тус ТББ-д шилжсэн байна.
Тендерийн тухай хуульд зааснаар:
- Гэрээт ажлыг гүйцэтгэх байгууллага нь сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил хийсэн туршлага болон санхүүгийн чадавхтай байх шаардлагатай (15.1; 16.2.2; 16.2.3; 17.2.1).
- Харин уг ТББ нь 2022 оны 3-р сард шинээр байгуулагдсан бөгөөд дээрх шалгуурыг хангах боломжгүй нөхцөлтэй байсан нь баримтаар тодорхой болж байна.
Хэн, хэзээ, хэрхэн үүсгэн байгуулав
- Үүсгэн байгуулагчид: Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, Ч.Ганхуяг
- Анхны тэргүүн: Л.Оюун-Эрдэнэ
- Анхны гүйцэтгэх захирал: Ч.Ганхуяг
- 2025 оны 1-р сарын 30-нд Л.Оюун-Эрдэнэ бүртгэлээс хасагдаж, удирдлагын бүтэц өөрчлөгдсөн.
Иргэдийн төлсөн татварын мөнгө ийнхүү эрх мэдэлтнүүдийн байгуулсан цоо шинэхэн ТББ руу тэрбум тэрбумаар шилжcэн асуудал нь санамсаргүй зүйл биш, системтэй, зохион байгуулалттай үйлдэл үү гэх хардлагыг төрүүлж байна.
Сэтгэгдэл (25)