Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Лувсандоржийн Насанбуян 2016 онд Цогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үгсэн хуйвалдах замаар улсын төсвөөс үлийн цагаан оготно устгах зорилгоор олгогдсон их хэмжээний мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн уг үйлдлээ нотлох баримтыг устгах, хуурамчаар үйлдэх, засварлах замаар нуусан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татагдан шалгагдаж байв.
Хуулийн байгууллагын мөрдөн шалгалтаар Л.Насанбуянгаас гадна аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, сумын Тамгын газрын дарга Д.Цогзолмаа, төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрхэмбаяр, аймгийн Соёлын газрын ажилтан Ц.Баасанжав, Баянтоорой тосгоны төсвийн нягтлан бодогч Ц.Алтанзагас нарын оролцоо тогтоогдсон байдаг.
Хэргийг анхан шатны шүүхээр нийт 13 удаа хэлэлцсэн байдаг бөгөөд эхний 12 удаагийн хурал нь анхан шатны шүүгчийн тодорхой бус шалтгааны улмаас 7 жил хойшилжээ.
Товчхондоо шүүх хурал ингэж олон жил дамнан, олон удаагийн үйлдлээр хойшилж байсныг Л.Насанбуян нарын зүгээс шүүх хурлыг зориудаар хойшлуулж, цаг хожин, хэргээ цагаатгуулах оролдлого хийж байсан гэж харж болохоор байгаа юм.
Эцэст нь, 2025 оны хоёрдугаар сарын 14-нд болсон 13 дахь удаагийн шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, анхан шатны шүүхээс Л.Насанбуянг гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Харин энэ бүх хугацаанд буюу шүүх хурал ингэж олон удаа хойшлогдож байх хооронд Л.Насанбуян 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар аймгийн ИТХ-ын дарга болжээ. Шүүхийн шийтгэл хүчин төгөлдөр болоогүй байсан учраас хууль зүйн саадгүйгээр тэрээр сонгуульд нэр дэвшсэн нь тэр аж. Хэрвээ шүүх хурал ингэж олон удаа сааталгүйгээр хугацаандаа явагдсан бол Л.Насанбуян тухайн үед сонгуульд нэр дэвших эрхгүй байх байсан бөгөөд аймгийн удирдлагын суудалд ч очих боломжгүй байх байлаа.
Харин Л.Насанбуянд энэхүү боломжийг олгосон Говь-Алтай аймгийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч өдгөө АТГ болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн зөвлөлд шалгуулах дээрээ тулаад байгаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Тэгвэл Л.Насанбуян анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандаж, өөрт холбогдох хэргээ цагаатгуулахаар хөөцөлдөж эхэлсэн гэх бөгөөд түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 14:30 цагт товлогдоод байна.
Хачирхалтай нь, шүүх хурлын тов гарахтай зэрэгцэн “Л.Насанбуян удахгүй цагаатна” гэх яриа Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын дунд тархаад байгаа гэнэ. Бүр тодруулбал, Л.Насанбуян нь Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ш.Баттогтохын төрсөн ах болох аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайханыг албан тушаалд нь үлдээнэ, үлдээхгүй гэх шалтгаанаар барьцаалан шүүгчид нөлөөлөл үзүүлж, улмаар өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар тохироо хийсэн байж болзошгүй гэнэ.
Хэрвээ оготно устгалын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр шүүгдэж буй Л.Насанбуян давж заалдах шатны шүүхээр цагаатвал, ард иргэдийн дунд гарсан дээрх хардлагууд үндэслэлтэй байсныг нотолно.
Товчхондоо, энэ хэрэг нь ганц Л.Насанбуян гэдэг нийтийн албан тушаалтны ёс зүйн асуудал бус.Төрийн мөнгийг дур зоргоороо зарцуулж, баримтыг хуурамчаар бүрдүүлэн хариуцлагаас бултах гэж оролддог тогтолцооны уг сурвалжийг ил гаргаж буй асуудал юм. Шударга бус шүүхтэй тэмцэл хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхаарлын төвд ч энэ асуудал очсон, хэргийг хэрхэн яаж шийдэхийг тэрээр анхааралтай харж суугаа гэх мэдээлэл байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Л.Насанбуянд холбогдох энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг зөвхөн Говь-Алтайчууд ч биш, Монгол даяараа анхааралтай ажиглаж, чих тавин хүлээж байна гэдгийг эцэст нь тэмдэглэе.