Нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр /2025-01-27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зарим онцлох хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдод холбогдох авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуулт тавигдсан юм. Прокурорын байгууллагаас "Тухайн албан тушаалтныг томилох эсэх асуудал нь манай байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй. Харин уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
С.Энхболд нь Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татах тогтоол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгаж байгаа аж.