Архивын хадгаламжийн сангийн хадгалалтын орчин, архивын удирдлагын системийн үйл ажиллагааг сайжруулах, олон нийтэд архивын үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 3-р сарын 25-наас 2024 оны 12-р сарын 31-ний хооронд 33 сарын туршид амжилттай хэрэгжүүллээ.
ХЗДХЯ-наас хэрэгжүүлсэн уг төслийг БНСУ-ын Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан, Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн үндсэн дээр санхүүжүүлсэн бөгөөд Зөвлөх байгууллагаар БНСУ-ын Ди Би Консерциум, Үндсэн гүйцэтгэгчээр Эл Жи Си Эн Эс Консерциум, хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар Архивын ерөнхий газар тус тус ажиллав.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 19 сая доллар. Төслийн хүрээнд архивын сан хөмрөгийг орчин үеийн шинэ дэвшилтэд технологоор хангах тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд хийгдэх аюулгүй байдлын шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн.
Төсөл нь нийт 6 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд үүнд, ОУ-ын стандартад нийцсэн Цахим бүртгэлийн үйлчилгээ, хадгалалт болон удирдлагын системийг хөгжүүлэх”, “Мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах”, “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын холбогдох засвар үйлчилгээ”, “Архивын баримтын хадгалалтын орчныг сайжруулах”, “Цахим архивын төв”, “Чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа” гэсэн чиглэлүүдээр нийт 18 багц ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Төслөөр, Төрийн архивын удирдлагын систем, Архив, албан хэрэг хөтлөлтийн систем болон архивын баримтыг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдлэг түгээх, цахим лавлагаа үйлчилгээг үзүүлэх “Портал” систем гэсэн гурван программыг шинээр хөгжүүлж нэвтрүүлснээр архивын үйл ажиллагааг нэгдсэн системд оруулан илүү боловсронгуй болгосон. Эдгээр программ хангамжийг ажиллуулах, цахим санг хадгалах зориулалттайгаар 34 нэр төрлийн 84 ширхэг сервер тоног төхөөрөмжийг суурилууллаа. Түүнчлэн, 23 хадгаламжийн санд Архивын баримтын төрөл тус бүрээр хэм чийгшлийг стандартын дагуу тохируулах агааржуулалтын систем,Архивын зориулалттай гал унтраасны дараа хамгийн бага хохирол учруулдаг хийн гал унтраагуур,Хосгүй үнэт, үнэт болон энгийн архивын хадгаламжийн сан тус бүрд зөвшөөрөгдөх танилт нэвтрэлтийн систем, Хөдөлгөөн мэдэрч зураг, бичлэг хийдэг 270 хяналтын камер суурилууллаа.
Энэ хүрээнд мөн цахилгааны дэд станц байгуулах, төвийн шугамтай холбох ажил болон зоорийн давхарт гал, цахилгааны узелийн өрөөг шинээр байгуулсан юм.
Төслийн бас нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь “Чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа” байсан бөгөөд олон улсын дэвшилтэт технологиудтай танилцах, суралцагчдын туршлага, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтад Архивын Ерөнхий Газрын болон 37 төрийн архивын нийт 150 төрийн албан хаагч хамрагдсан юм.