Сонгуулиар улстөрчид есөн бусын бүтэхгүй төлөвлөгөө, төсөл ярьж, сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулах гэж оролддогийг бид мэддэг, бас тэвчдэг. Тэр нөхөд мэдээж сонгуульд ялагддаг, байдаг л нэг сонгуулиар ургадаг борооны дараахь мөөг гэж иргэд хүлцдэг. Гэтэл энэ сонгуулиар юу болов оо. Аж үйлдвэрийн тулгын чулуу ажилчдын район Хан-Уул дүүрэгт аж ахуйн нэгжүүдийнхээ өмнөөс тэрссэн нэг шантааж гарч ирлээ.
Хан-Уулд “Говь” ХК, “Гоёо” ХХК, “Кашмер Холдинг” ХХК, “МАК” корпораци, “АПУ” ХК, “Витафит” групп, “Таван богд” ХХК, “Атар өргөө” ХК, “Монфрэш” ХХК, “Жем интернейшнл” ХХК, Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨҮГ, МИАТ ХК, “Зорчигч Тээврийн нэгтгэл” ОНӨҮГ, “Биокомбинат” ОНӨҮГ зэрэг үндэсний томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг.
Тэгтэл яасан гээч, 2016 онд Витафит, Монфрешийн сүү, таргийг хортой гэж гүтгэлэг тарааж, хэвлэлийн бага хурал хийдэг Б.Цэрэн гэгч нөхрийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгочихсон. Нөгөө нөхөр нь Монголын сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэдэг ТББ-ынхаа нэрээр Хан-Уулынхаа аж ахуйн нэгжүүд рүү дайрч яваад тэрийгээ улстөр болгож яваад Хан-Уулын МАН-ын хорооны дэд дарга болж дэвшсэн байх жишээтэй.
Гэтэл Хан-Уулын үйлдвэр, аж ахуйн газрууд нийслэлийн нийт үйлдвэрлэлийн 21 хувь, нийт борлуулалтын 20.7 хувийг нуруундаа үүрдэг топ аж ахуйн нэгжүүд. Тэд 2019 онд нийт 752.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 736.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсад их хэмжээний татвар төлсөн баялаг бүтээгчид.
Ийм байтал ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн сонгуульд өрсөлдөхдөө Хан-Уул дүүргийг архи согтуурах ундаагаар үйлчилдэггүй, худалддаггүй дүүрэг болгох зорилт тавилаа. Найман нэрийн дэлгүүрүүдээ, ярьж суух ресторан, паабуудаа дампууруулах тухай ярьж байгаагаа мань эр ойлгож л байгаа. АПУ, ЖЕМ-ийг дүүргээсээ нүүлгэх гэж байгаа юм болов уу. Өдий насны хүн ийм амлалт биелэхгүйг өөрөө мэдэж байгаа. Тэгэхээр энэ бол сонгууль угтсан популизм, эсвэл дүүргийнхээ аж ахуйн нэгжүүд рүү хийж байгаа шантааж байх нь. МАН УИХ-д ялсан, засагласан байж болно. Үүнд Б.Цэрэнгийн бяр амтагдсан, юу дуртайгаа бурах шалтгаан болсон байж болох ч түүнийг сонгох шалтгаан лав биш. Ямар сайндаа Ерөнхийлөгч Х.Баттулгын тэвчээр барагдаад, “Юун архигүй дүүрэг, юун дээлийн хээ, юун Кембрижийн хөтөлбөр вэ” гэдэг үгээр УИХ-ын намрын чуулганы нээлтийг эхлүүлж байх вэ дээ.
Саяхан Б.Цэрэн юу гэнэв ээ. Дүүргийнхээ хогийн цэгүүдийн камержуулна гэж зурагтаар ярьж байх юм. Гэр хорооллоо бүрэн гэрэлтүүлээгүй, орон сууцны талбай, машины зогсоолоо ч дөрвөн жил камержуулаагүй хүний аманд яаж хогийн цэг камержуулах санаа төрдөг байна аа. Бодвол мань хүн орон сууцны хороололд нэр дэвшиж байгаа бололтой. Иргэд нь “Хог ачихгүй муухай үнэртээд байна аа” гэсэн юм байгаа биз. Тэгсний төлөө ”Хогийн цэгүүдийг камержуулна. Хогоо ачихгүй бол камераараа харчихдаг нэгдсэн удирдлагын төвтэй болно” гэж амалж байх юм аа. Хан-Уулчуудын өмнө нь сонгосон Э.Бат-Үүлийн хогны уут, Д.Загджавын мөрийн хөтөлбөрөөс давсан популизм гэвэл энэ.
Хотын ажилд эрэмбэ, дараа гэж бий. Хогны машинаа нэмэхийн оронд, хогийн цэг камержуулах санаа Б.Цэрэнгээс л төрдөг байх даа. Тэр мөнгө нь мэдээж өөрөөс нь биш ард олны төлсөн татвараас гарч таарна. Төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулах гэмт хэрэг Эрүүгийн хуульд томъёолсон байдгийг нөхөрт сануулах нь зүйд нийцнэ. Юун хогийн цэгийг камержуулах вэ, Цэрэн дарга аа.
Уг нь улс төр бодлогын талбар болохоос урлагийн тайз биш. Гэтэл Хан-Уул дүүрэг маань үе үе циркийн манеж болчих гээд байх юм. Саяын УИХ-аар сонгуулиар Хан-Уулынхныг оюунлаг гэж хуульч, эдийн засагч, инженерүүд зорьж ирж, нэр дэвшсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч харьцангуй оюунлаг, ажлын туршлагатай нөхөд нэр дэвшжээ. Цэр нь цээжиндээ, Цэрэн циркдээ байх болтугай.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN