өдөр
шөнө
×

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэнэ

 

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчидтой уулзав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил бодит үр дүнгээ өгч эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаад Говьсүмбэрчүүд талархалтай байна. Иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийллээ.


Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боржигон сэцэн вангийн хошуу, Буддын Таван ухааны төв байсан Говьсүмбэр нутгийн зон олон, иргэд сонгогчидтой дахин уулзаж байгаадаа баяртай байна” гээд энэ удаагийн сонгуульд Ардын нам яагаад ялах ёстойг тайлбарлалаа. Тэрбээр “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголтын өмнө та бид байна. Сонгуулийн үед түр зуурын үйл явдал, худал сурталчилгаа, жижиг гомдол, мөнгөөр үнэт зүйлээ сольж болохгүй. Авлигатай тэмцэхийн тулд, авлигачдаас ард түмэн хүчтэй гэдгээ нотлохын тулд та бүхэн Ардын намыг сонгоорой. Нэг ёсондоо ард түмэн ялах уу, хилийн чанадаас ажиглаж буй бүлэглэл ялах уу гэдэг сонголт юм” гэлээ.

Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийн дүнд өнгөрсөн хугацаанд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалин, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлж чадлаа. Мөн иргэн бүр байгалийн баялгаасаа өгөөж хүртэх боломж бүрдэж, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амилуулж, ногдол ашиг хүртээсэн гээд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, дэмжинэ гэдгээ говь нутгийн зон олон хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу Говийн бүсэд Монгол Ардын намаас Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар нэр дэвшиж байна.

Говьсүмбэр аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 279.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Ерөнхий сайд өмнө нь тус аймагт ажиллах үеэр иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлсэн. Энэ хүрээнд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их залаат овооны ар хүртэлх хатуу хучилттай авто замын ажил эхэлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, 2 дугаар сургуулийн барилга, 1 цэцэрлэг ашиглалтад оруулсан байна.

Мөн аймгийн төвийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх Дулааны станц, Цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох 6.9 км, Баянтал сумыг улсын чанартай авто замтай холбох 3.4 км авто замын ажил эхлээд байгаа юм. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх боломж олгож Монгол Ардын намыг багаар нь сонгож, говь нутгийнхаа төлөө болон улс эх орны хөгжил цэцэглэлтэд илүү их үнэтэй хувь нэмэр оруулахад хүч нэмэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ говьсүмбэрчүүдэд захиж байлаа.

 

Top