Гадаа гудамжинд жавар тачигнаж эхэлсэн. Харин төрийн ордон дотор улс төр халуурсан хэвээр байгаа бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болжээ. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Тэр үеэр зарим гишүүн “Дэмжихгүй” гэсэн эсрэг байр суурь илэрхийлжээ. Үүнд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бухимдсан байна. Бүлгийнхээ гишүүдэд нэлээд ширүүн үг хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ноцтой “мэдэгдэл” хийжээ.
Л.Оюун-Эрдэнэ “Авлигачид Эрүүгийн хуулиас айхгүй байна. Шүүх дээр очоод аргалчихна. Аль нэг дарга нь гаргачихна. Эсвэл шүүх магадлангаар суллачихна. Дараа нь өршөөгдөнө. Ингэж боддог болчихоод байна. Энэ авлигыг айдасгүйгээр хийхэд нөлөөлсөөр ирсэн. Авлигачдад хүмүүнлэгийн байгууллага шиг удаан явлаа. Тиймээс Эрүүгийн хуулийг авлигын гэмт хэрэгтэн магадлангаар суллагдахгүй, ялыг бүтэн эдэлдэг болгох саналыг Засгийн газраас оруулсан. Тэр утгаар нь гишүүд дэмжих ёстой. Битгий өөрсдийгөө бодож, хуулийн үзэл санаа бөөрөнхийлөөд бай” гэсэн байна. Мөн тэр үеэр зарим гишүүнийг “...МАН-аас хөөнө” гэж хэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин