өдөр
шөнө
×

Иргэдийг залилан мэхлэх замаар 2 тэрбум төгрөгийн ашиг олж мөнгө угаасан А.Дэлгэрдалай гэгчийг баривчлан хорьжээ

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж их хэмжээний ашиг олсон А.Дэлгэрдалай нь 2023 оны 09  дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр орж 6 сая төгрөгөөр торгох ял авсныг “Eguur.mn” сайт олон нийтэд дэлгэсэн. 

Гэсэн хэдий ч А.Дэлгэрдалай гэгч нь өөрийн гэм буруугаа үл ухамсарлаж хууль бус мөрийтэй тоглоомын сайтаа 3 өрөө байранд 8 админтайгаар, 30 ширхэг гар утас ашиглан үргэлжлүүлэн зохион байгуулж 2 сарын хугацаанд иргэдийг залилан мэхлэх замаар 2 тэрбум төгрөгийн ашиг олж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлж, тус этгээдүүдийг хорьсон байна. 

Эндээс иргэдийг залилж, мөнгө угаадаг энэ мэт этгээдүүдийн хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг Харилцаа холбооны зохицуулах хороо хянадаг уу гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм. Мөн ХХЗХ нь цаашид өөрийн хариуцсан ажлаа эрчимжүүлж хүүхэд, залуусыг зохион байгуулалттайгаар хуурч байгаа мөрийтэй тоглоомын сайтуудыг хаах цаг болсныг ч дээрх жишээ харуулж байна.  

Шүүхээс ял авсан атлаа дахин мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа нь ялын шийтгэл нь хөнгөдсөнтэй холбоотой гэдэг зүйлийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд цаашид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад хорих ял өгч болдоггүй юм уу гэдэг асуудал урган гарч ирж байна. 

Хамгийн сонирхолтой нь дээрх гэмт этгээдүүд энэ мэт хууль бус үйл ажиллагаандаа Хаан гэх мэт нэр бүхий банкны данс ашиглаж байгаа нь ил тодорхой байхад тухайн банкууд яагаад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохгүй, нүдэн балай чихэн дүлий байна вэ гэдэг асуудал мөн ихээхэн анхаарал татаж байгаа юм.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top