УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат нэгэнтэй “бөх бол төр юм” хэмээсэн удаатай. Монголчууд бөх Ерөнхийлөгчтэй байсан, бөх спортын сайдтай, бөх УИХ-ын гишүүдтэй, бөх хотын даргатай байгаа зэргээс харахад Монгол төрийн зүлэг ногоон дэвжээ гэж байдаг бол түүнийг нь бөхчүүд эргэлтгүй эзэгнэжээ гэхэд хилсдүүлсэн болохооргүй байна.
Бөх хотын дарга Д.Сумъяабазарын тухайд түгжрэлийг бууруулна хэмээн 2022 оны төсөвт 420 тэрбум төгрөг, 2023 оны төсөвт 339 тэрбум төгрөгийг тус тус суулгуулж авахын сацуу өөрийнх нь ажилд дэмтэй хэмээж дэргэдээ Түгжрэл хариуцсан сайдтай болсон ч байдал бахь байдгаараа байгааг бид бүхэн харж сууна.
Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатарын нарын зүгээс хоёр жилийн хугацаанд нэг их наяд шахуу төгрөгийг түгжрэлийн түгжээг мултлахад зарцуулсан гэх боловч эцэстээ тэгш, сондгойгоос өөр зүйл бодож олж чадсангүй. Үр дүнг нь өнөөдөр нийслэлчүүд бид биеэрээ мэдэрч сууна. Таксинд явж хоногийн хоолоо залгуулдаг эгэл ардууд эрхэм дарга, сайд хоёрын энэ мэт шийдвэрээс болж хоосон хонох дээрээ тулаад байгаа тухайгаа сошиалд бухимдан ярьсан байна билээ.
Д.Сумъяабазар нарын зүгээс нийслэлийн түгжрэлийг нэг мөр шийдэх, дэлхийн хөгжсөн хотууд шиг метро, хурдан галт тэрэг, боловсон нийтийн тээвэртэй болоход хамгийн багадаа 9,7 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоог гаргасан гэнэ. Үүнийг нь шийдэхэд төсвийн нэг их наяд төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй гэх бөгөөд нийслэл дэргэдээ нүүрсний уурхай ажиллуулснаар энэ бүх санхүү мөнгийг босгох боломжтой хэмээн үзсэн байна. Магадгүй мань хотын дарга ойрдоо энэ мэт шалтгаанаар нүүрсний уурхай зүүдлээд тун завгүй яваа бололтой.
Хотын дарга, түгжрэлийн сайд хоёрт энэхүү боломжийг олгогч нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах коксжих нүүрсний уурхай аж. "Эрдэнэс Баянбогд" нэртэй тус ордын нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК, 66 хувийг нийслэлийн мэдлийн "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК эзэмших болсоор нэг жилийн нүүрийг үзэж байна. Нийслэлийн зүгээс өнгөрсөн онд дээр дурдсан 66 хувьдаа ногдох 11 тэрбум төгрөгийг хотын төсвөөс гаргаж хамтарсан компанийн дүрмийн санд оруулахын зэрэгцээ тус компанийн үйл ажиллагааны зардлыг сар бүр төсвөөс санхүүжүүлсээр иржээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хамаарал бүхий компани “Эрдэнэс баянбогд” ХХК-иас 5,3 тэрбум төгрөгийн хайгуулын ажил авчээ!
Тэгвэл хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хамаарал бүхий компани хотын дарга Д.Сумъяабазарын шууд мэдлийн “Эрдэнэс баянбогд” ХХК-иас зарласан 6,195,862,500 төгрөгийн төсөвт өртөгтэй хайгуулын ажил гүйцэтгэх тендерт оролцож шалгарсан асуудал гарчээ.
Тодруулбал, өнгөрөгч хавар буюу 2023 оны 04-р сарын 19-ны өдөр Эрдэнэс баянбогд ХХК-иас зарласан “XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын гүйцэтгэгчийг сонгох” “ЭрдэнэсББ/202212027” дугаартай тендерт эрхэм гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамаарал бүхий “Эм Жи Эл Ди” ХХК нэртэй аж ахуй нэгж оролцон шалгарч гэрээ байгуулсан баримт үүнийг нотолж байгаа юм.
“Эм Жи Эл Ди” ХХК-ийн тухайд 2023 оны 06-р сарын 15-ны өдөр “Эрдэнэс баянбогд” ХХК-тай 5,367,626,102 төгрөгийн өртөг бүхий хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байна.
Энэхүү компанийн удирдлагаар Чинбатын Ядам гэх хүн ажилладаг бөгөөд хувьцааг нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн “Жи Эн Майнинг” ХХК болон Монгол Улсын иргэн Чинбатын Ядам, Уранчимэгийн Энхтайван, Эрдэнэбуянгийн Жаргалсайхан нарын хувь эзэмшилтэй “Жи Ди Эс Эс” ХХК нар хамтарч эзэмшдэг байна.
Нэгэн цагт зургаан залуу заан гэгдэж явсан Монгол Улсын гарьд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн компани, Монгол Улсын аварга, Хотын дарга Д.Сумъяабазарын шууд мэдлийн гэж хэлж болохуйц “Эрдэнэс баянбогд” ХХК-иас зарласан тендерт шалгарч ийнхүү 5,3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан асуудал нь яав ч санаандгүй зүйл биш гэлтэй.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн тухайд хэвлэлээс нүүрсчдийн бүлэглэлийн нууц ноёнтон гэх алдрыг авч байв. Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
Харин нэр бүхий гишүүдийн зүгээс Д.Сумъяабазар дараагийн том нүүрсний хулгайг Эрдэнэс баянбогд ХХК-иар дамжуулан хийх гэж байна гэдэг ноцтой мэдэгдлийг хийж байсан удаатай. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганибал “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хулгайн шийдлийг олоогүй байхад Эрдэнэс Баянбогд ХК /Нийслэлийн эзэмшиж буй орд/ гээд дараагийн хулгай гарах нь. Шууд утгаараа Б.Ганхуяг шиг нэг хүн тавиад л Д.Сумъяабазар хулгай хийнэ гэсэн үг шүү дээ. Энэ бүх процесс буруу. Нийслэл дээрх энэ явдлыг таслан зогсоохгүй бол аймаг бүр ийм зүйл хийнэ” хэмээн товч тодорхой ярьж байв.
Ямартай ч хоёр бөх нэгнийхээ бизнесийг татвар төлөгчдийн мөнгөөр илтэд дэмжсэн байж болзошгүй ноцтой үйлдэл “Эрдэнэс баянбогд” ХХК дээр тендер нэрийн дор явагдсан болох нь тодорхой болчихлоо. Монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Энэ янзаараа бол “Эрдэнэс баянбогд” дээр Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй их хурлын гишүүд аль хэдий нь ашиг сонирхлоо шургуулж эхэлснээс харахад Г.Ганибал гишүүний хэлсэнчлэн ирээдүйн нүүрсний их хулгай “Эрдэнэс баянбогд” дээр өрнөөд эхэлчихсэн юм биш биз гэдэг хардлагыг араасаа дагуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (1)