өдөр
шөнө
×

Цахим хуудастаа "Налигнасан нь хожиж, нам гүм байсан нь хохирдог болсон цаг уу" гэж бичээд шийтгүүлжээ

Төрийн албан хаагч өөрийн цахим хуудсанд мэдээлэл цацаж, ажил олгогчоос түүнд сахилгын шийтгэл ногдуулсан бол Захиргааны хэргийн шүүхээс уг шийтгэл нь хуулийн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, сумын цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б.Ч нь өөрийн facebook цахим хуудсаар “Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ... Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг  уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа. Жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБСзахирал...гм...” гэх агуулга бүхий мэдээллийг цацжээ.

Үүнтэй холбогдуулж цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн гэж ажил олгогчоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Харин шүүхээс Б.Ч нь иргэн  хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй. 

Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх гэж заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэхээргүй байна.  

Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоох эрхгүй, Б.Ч-ийн өөрийн facebook хаяг дээр бичсэн нийтлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй, төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй гэж дүгнэлээ.

Иймд Б.Ч-гийн өөрийн facebook хаягт нийтэлсэн сэтгэгдэлд сумын Засаг даргаас хяналт тавьж, сануулах шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрийг тоймлон хүргэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top