өдөр
шөнө
×

Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний өв соёлоор бахархсан хоёр өдөр

Хоёрдугаар сарын 05-ны өглөөний 10.00 цаг: Гар утасны хонх дуугарч, албан томилолтоор говийг зорих багийн сэтгүүлчдийн машин гэрийн гадаа ирснийг жолооч дуулгав. Цар тахлын хоёр жил хөл хоригдож, дараагийн нэг жилд ч хөдөө орон нутагт олон хоногоор томилолтод яваагүй удсаныг ч хэлэх үү, том цүнх чирсээр машинд суусан би машины сэтгүүлчдэдээ даашинз, туфли авсан уу хэмээн шоглуулсаар урт холын замд гарлаа. Их говийг зорьж буй сэтгүүлчдийн баг энэ удаа уул уурхай, эсвэл говьд босож буй бүтээн байгуулалтыг сурвалжлахаар зорьсонгүй. Харин аялал жуулчлалыг татах томоохон эвент болгож, сүүлийн 20 гаруй жил Өмнөговь аймаг дангаараа зохион байгуулж буй “Түмэн тэмээний баяр-2023”-ыг сурвалжлахаар ийнхүү өглөө эртлэн, амралтын өдөр замд гарсан нь тэр.

Говь нутагт нар ээж, гайхалтай сайхан дулаахан өдөр ч таарчээ. Зам зуураа саатан өглөөний цайгаа ууцгааж, ардхан үлдсэн бусад нөхдөө хүлээх зуураа гэрэл сүүдэр татуулсаар Мандалговьд их үдэд түүртэх саадгүй хүрч очив. Гэвч Дундговиос цааш замын бартаа саад ч нэмэгдэж эхэллээ. Том машинууд завсар зайгүй зөрж, замын хагархайг тойрч гарах гэсэн жижиг машинууд хоорондоо шүргэлдэх шахам өнгөрөх нь айдас төрүүлэв. Зам нь завсар зайгүй хагарч том том нүхнүүд ч олон гарчээ.

Автозамын арчилгааг тогтмол хийдэг ч том машин завсаргүй хөлхөж байдаг учраас ийм болчихсон хэмээн жолооч тайлбарлаж, том машин тусдаа явдаг тусгай зам тавихгүй л бол Өмнөговийн замыг мянга түм засаж сэлбээд ч нэмэргүй хэмээн халагласаар зорьсон газраа нэлээд оройхон хүрч очив, бид. "Өдөрхөн төөнөж байсан нар хаачив аа" гэмээр л хүйтэн салхи хавар намрын хувцастай очсон бидний шандсыг шалгах мэт хүчтэй үлээх аж. Өнөөх том чемоданы хэрэг ч тэр дороо л гарч, өвлийн хувцсаа давхарлан сэтгүүлч нөхдийн хамт оройн хоол зооглохоор аймгийн ЗДТГ-ын Зоогийн газарт орцгоож, говийн хөмүүл амтагдсан бууз амтархан идэцгээлээ. Замын бартаа сааданд алжааж ядарсан бид ч зочид буудлын өрөөндөө тухлан аяны тоосноосоо салаад маргаашийн ажилдаа бэлтгээд, унтаж амрахаар орондоо орцгоолоо.

Р.Сэддорж: Дэлхийд сая гаруйхан тоологдсон хоёр бөхт тэмээний 170 мянга нь манай аймагт байдаг

Хоёрдугаар сарын 06-ны 10.00 цаг: Сэтгүүлчдийн багийн 12 нөхөд маань бүгд ажилдаа гарахад бэлэн болцгоожээ. Энэ өдөр харин бидэнд өмнөх өдөр шиг аз таарсангүй. Өчигдөрхөн цэлмэг байсан говийн тэнгэр аашаа хувиргаж, улаан шороо тавьж эхлэх нь тэр. Ажлын өдөр буюу даваа гарагт тэмээний баяр нь таарсан болоод ч тэрүү баяр болж буй газарт гадны хэдэн зочид, хэвлэл мэдээллийн биднээс өөр хүн алга шахам. Тэмээний баярын арга хэмжээ хэдийнэ эхэлж, тэмээн поло тэмцээний 10 багийн эхний хэсгийн тоглолтууд эхэлчихэж.

Энэ удаагийн тэмцээнд Дундговь, Дорноговь аймгаас гадна Өмнөговь аймгийн 10 гаруй сумын багууд оролцож, шинэ тутамд хөгжиж буй тэмээн пологоор тунчиг ширүүн, өрсөлдөөнтэй тоглолт үзүүлэн зорин ирсэн жуулчдыг баясгаж байлаа. Тэмээн дээрээсээ тэд тун чадварлаг бөмбөгөө удирдаж, хүйтэн салхитай ч өрсөлдөгч багийнхаа хаалганд чадварлаг гоол оруулж, тэр бүртээ уухайлах нь сүрдэм.

Ийнхүү хоёр, гурван багийн тоглолтыг шимтэн үзсэн бид үргэлжлүүлэн “Өмнөговьд үйлдвэрлэв” төвд гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэнг гаргасныг үзэж сонирхоод говь нутгийн брэнд бүтээгдэхүүнээс худалдан авалт хийлээ. 1997 оноос хойш 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Түмэн тэмээний баяр”-т 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчин, гадна дотны болон орон нутгийн 3000 гаруй жуулчид, иргэд үзэж сонирхохоор иржээ.

Тэд үдээс хойш тэмээний парад эхлэхтэй зэрэгцэн, баярын талбайг дүүргэж орхив. Урьд өмнөх жилүүдээс оролцож буй баг, тэмээний тоо толгой багассан шалтгаан нь ихэнх малчид отроор явсантай холбоотой аж. Өнгөрсөн зун говьд дусал ч бороо ороогүй учраас малын хамар хатгах өвс ургаагүй гэх. Тиймдээ ч малчид өвлийг давж, хатуу хаврыг устай, өвстэй давахын тулд аймаг, аймаг дамжин отроор яваад эзгүй байгааг Засаг дарга Р.Сэддорж дуулгав.

Тэрбээр, уламжлалт баяраа нээж хэлсэн үгэндээ “Уламжлал болсон аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа бол “Түмэн тэмээний баяр” юм. Олон жил тогтвортой зохион байгууллаа. Монгол Улс 460 гаруй мянган хоёр бөхт тэмээтэй. Түүний 170 мянга нь Өмнөговьд байдаг. 15 сум 15-уулаа тэмээтэй, уралдаан тэмцээнийг ч тогтмол зохион байгуулж байна.

Өнөөдөр ч тэд олон төрлөөр өрсөлдөж байгаа. Энэхүү үйл ажиллагаа дөрвөн яамны эрхлэх асуудалд хамрагддаг, цар хүрээ нь өргөн. Соёлын өв талаасаа Соёлын яам, спорт талаасаа Спортын сайдын эрхлэх асуудал гээд дөрвөн яамны төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэнд баяртай байна.

Мөн энэ өдрийн үйл ажиллагааг Польш улсын Элчин сайдын дэмжин оролцож, хүрэлцэн ирсэнд эрхэм сайд танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэмээ уяж, уралдуулж байгаа хүмүүсийг улсын цолтой болгох асуудлыг гурван ч Ерөнхийлөгчид тавилаа. Энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэмээн уралдаан, соёлыг төр дэмжиж байж тоо толгой нэмэгдэж, тэр хэрээр дэлхий дахинд соёлоо сурталчлах юм. Цаашдаа гуравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулснаар гадна, дотны жуулчид илүү их ирэх боломж бүрдэнэ. Тиймээс цаашдаа үүнийг анхаарна” хэмээв.

Монголыг дэлхийд сурталчлах, Монголд зочлох жил буюу “Welсome to Mongolia” хөтөлбөрт энэхүү аялал жуулчлалын эвент албан ёсоор багтсан гэдгийг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Б.Сэргэлэн онцолж байна билээ. Харин “Монголын тэмээн поло уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ “Манай холбоо нь 2001 оноос эхлэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулалцаж, дэлхийд цөөрсөн хоёр бөхт тэмээг хамгаалах, өсгөж үржүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ирлээ.

Үүний үр дүнд тэмээн сүрэг маань 500 мянга болж өслөө. Хоёр бөхт тэмээ дэлхийд маш ховордсон. Ердөө 1 сая хүрэхгүй байгаа. Тиймээс тэмээн полог түгээн дэлгэрүүлэх, тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, ноос ноолуурыг үнэтэй болгох нь хүн бүхний хүсэл зорилго болоосой. Дээр үед тэмээн поло, морин уралдаан бол хаад ноёдын хэмжээнд болдог ач холбогдол өндөртэй тэмцээн уралдаан байлаа. Тэгвэл өнөө цагт тэмээгээ уяж улсын чанартай уралдаанд тогтмол амжилттай оролцуулж буй уяач нарт морио уяж уралдуулж байгаа уяач нартаа адилхан улсын цол олгох асуудлыг Ерөнхийлөгчид уламжилсан. Нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

“Тэмээний ноос, мах үнэгүйдсэн учраас тоо толгой нь өсөхгүй байна”

Монголын говь нутгийн чимэг болсон тэмээн сүргийн тоо толгойг хэрхэн нэмэгдүүлэх, тэдгээрийг хайрлан хамгаалах асуудал өнөөдөр говийн хүн бүхний сэтгэл зовоох асуудал болжээ. Жилдээ нэг удаа аялал жуулчлалын эвент хийгээд өнгөрдөг бус тоо толгойг нэмэх, мах, ноосны үнийг нэмэгдүүлэх зэргээр төрийн зөв бодлого явуулахгүй бол тоо толгой нь улам бүр багасч, залуу малчид тэмээ маллах сонирхолгүй болсоор буйг “Гоё тэмээтэй сайхан хос” уралдааны тэргүүн байрын эзэд болох Өмнөговь аймгийн Ханхонгор сумын тэмээчин Н.Баянтөр хэлж байна.

Тэрбээр, “Сайхан хос тэмцээнд дөрвөн цагаан тэмээтэйгээ оролцож байна. Сайхан хос тэмцээнд гурван жил оролцож байна. Тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, чиглэлээр ийм сайхан үйл ажиллагааг жил бүхэн зохион байгуулж буйд тэмээчин хүний хувьд баяртай байдаг. Говийнхон өвдөг сайн, зогдор их, ноос сайтай, том биетэй бол сайхан тэмээ гэж ярьдаг.  

Энэ удаа бид уламжлалт хэрнээ орхигдсон олон өв соёлыг харуулах гэж хичээлээ. Бэлчээр, усны хомсдол малчин бидний хувьд хамгийн хэцүү ярих ёстой сэдэв болсон. Би 100 гаруй тэмээтэй. Тэмээний тоо толгойгоо нэмэгдүүлмээр байгаа ч мах хямдхан, ноос нь бараг үнэгүй шахам байгаа учраас залуу малчид өсгөх хүсэлгүй байгааг хараад харамсдаг.

Тэмээг уралдуулах, поло уралдаан цар тахлаас шалтгаалан зургаан жил завсарлалаа. Цаашдаа тогтмол зохион байгуулснаар тоо толгой өсөх, тэмээний үүлдэр угсаа сайжрах, залуус ч уралдаан тэмцээнд оролцохын тулд тэмээгээ өсгөх, үржүүлэх сонирхолтой болно. Мөн ганцхан ботгоны урамшуулал бус тэмээний махыг хүнсэнд хэрэглэх, ингэний хоормог болон тэмээний тос, ноос зэргийг үнэд хүргэх, сурталчлах, бүтээгдэхүүн болгож гадагшаа гаргах чиглэлээр ажил хиймээр санагддаг” хэмээв.

Ж.Отгонмөнх: Өмнөговь аймагт элсний аялал жуулчлал маш их хөгжиж байгаа

Хоёр бөхт тэмээ дэлхийд маш ховордсон. Ашиг шим сайтай, эргэх дөрвөн улиралд эцэж цуцах нь бага. Тэмээний баярыг өргөн хүрээнд цаашдаа жил бүхэн тэмдэглэж, жилийн дөрвөн улиралд жуулчин хүлээж авах тэр дундаа говь нутаг, хоёр бөхт тэмээгээр жуулчдыг татах боломж их байгаа учраас төр илүү бодлогоор дэмжиж ажиллаасай хэмээн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Отгонмөнх яриандаа онцолж байсныг уншигч танд хүргэе. Ж.Отгонмөнх дарга ярихдаа “Өмнөговь аймаг дан ганц тэмээгээр бус элсний аялал жуулчлал сүүлийн үед хөгжиж байна.

Хонгорын элс, Ёлын ам, Баянзаг, Хэрмэнцав, үлэг гүрвэлийн яс анх олдсон Их Хонгил, Дэмчигийн хийд гээд гадна, дотны жуулчид зорьж ирдэг газар олон бий. Баянзагийг гэхэд л сүүлийн үед ихээхэн ач холбогдол өгч тохижуулснаар жуулчдын зорьж очих дуртай газрын нэг боллоо. Хонгорын элсэнд мөн бүтээн байгуулалт хийж байна. Дэмчигийн хийдийг тохижуулах ажил ч үргэлжилж байгаа. Энэ бүхнийг тохижуулж дууссаны дараа нутгийн иргэд өөрсдөө тохижилт, үйлчилгээг хариуцаад явах юм.

Манай аймагт хил орчмын аялал жуулчлал нэмэгдэж байна. Боомтын гарцыг нэмэгдүүлснээр хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдсэн. Өмнөговь аймагт аялах маршрут, байрлах буудал, тэмээн хөтчийн талаарх мэдээллийг “Smartgobi” аппликейшнээр сүлжээгүй газарт ч авах боломж бүрдлээ. Мөн хүн ихээр зорчих цэгүүд болон хүн бүхний зорьж очоод байдаггүй нийтдээ 20 гаруй газрыг VR технологиор үзүүлэх ажлыг эхлүүлсэн. Тэмээний баяр бол өвлийн аялалыг нэмэгдүүлэх зорилготой. Ковидоос үүдэн хоёр жил гаруй завсарласан ч энэ жилээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, ажлаа эхлүүллээ.

Мөн тэмээ унуулах, уралдуулах зэрэг аялалын шинэ төрөл зүйл нэмэгдэж байна. Манай аймагт Итали жуулчид их ирж байсан бол сүүлийн жилүүдэд Солонгос жуулчид ихээр ирэх болсон. Монголын говийг үзэх гэсэн солонгос жуулчдад зориулан KBS телевизтэй хамтран Монголын говийн талаар нэвтрүүлэг хийлээ. Мөн тавдугаар сард зөвхөн Солонгосоос жуулчид оруулж ирдэг тур компаниудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй тэр дундаа манай аймагт байгаа 25 орчим жуулчны баазуудад эко буюу био нойл ашиглах зөвлөмж хүргүүлсэн. Бүгд боловсон нойлтой болчихсон л доо. Бусад газруудтай харьцуулахад нойлын стандарт сайн байгаа ч Ёлын ам гэх мэт цөөхөн хэдхэн газарт хог хаягдал, нойлын асуудал хэцүү байгаа” гэв.

Ид хаваа гайхуулж, эр бяраа үзүүлцгээв, тэд

Цаг агаарын хэцүү нөхцөл байдалд зохион байгуулсан ч тэр хэрээр гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг илүү их татаж, салхи шуургатайд ч уралдаж, тэмцэлдэж, өрсөлдөж байсан монгол хүн, хоёр бөхт тэмээний эр бяр, хүч чадлын гайхамшгийг харуулсан “Түмэн тэмээ” баяр ийнхүү хоёр өдөр үргэлжилж, мягмар гарагт хаалтаа хийв. Атан тэмээ, тайлаг тэмээ, тором гээд нас насны тэмээгээр ид хаваа гайхуулан, эр бяраа үзүүлэн уралдаж, монгол ахуй, монгол соёлыг зорин ирсэн жуулчдад харуулцгаав, тэд.

Хаврын салхи нүүр нүдгүй шуурч байсан ч тэмээн парад хийж, тэмээтэйгээ хамт бүлтийтэл гоёсон оролцогчид шилдгээ шалгаруулсаар байсан нь аргагүй л говийн ард түмний аливаад барьц алддаггүй, цаг агаарын хүнд хэцүүг түүртэхгүй даваад гарч чаддаг тэвчээрийг илтгэх ажээ. Цар тахлын хүнд цаг үед хоёр жил өнжиж, отор нүүдлээр цөөнгүй нь холыг зорьсон ч говийн ард түмэн 180 км алсаас ч баяртай оролцохоор тэмээтэйгээ ирж, хүрэлцэн ирсэн зочид, гадны жуулчдыг хоёр өдөр үзэж харах зүйлээр уйдаахгүй цэнгүүлэв.

Ээрэм говийн малчин түмэн ийнхүү уламжлалт баяраа ёслол төгөлдөр хийж, шилдгүүдээ тодруулан мөнгөн шагнал, медалийн эзэд болцгоолоо. Тодруулбал, Атан тэмээний уралдааны тэргүүн байрыг Өмнөговь аймгийн  Баяндалай сумын уяач  М.Өсөхбаярын  туг шар эзэлж, аман хүзүүнд Баян-Овоо сумын уяач  Г.Пүрэвдоржийн хөх, гуравт  Цогт-Овоо сумын уяач Г.Хашхүүгийн улаан, дөрөвт  Сэврэй сумын уяач  Н.Гансүхийн шар, айргийн тавд Баян-Овоо сумын уяач Ц.Бямбатогтохын хөх ат хурдаллаа. Тэмээн поло тэмцээний тэргүүн байрыг Манлай сумын Өгөөмөр багийн Н.Доржчулуун ахлагчтай баг, дэд байрыг Манлай сумын Далай багийн З.Болдбаатар ахлагчтай баг, гутгаар байрыг Х.Батжаргал ахлагчтай Ханхонгор сумын Хондот багийн 1-р баг, тусгай байрыг Дорноговь аймгийн баг, Ханхонгор сумын Өгөөмөр багийн баг тамирчид эзэллээ.

Шилдэг тоглогчоор Манлай сумын тамирчин С.Бүрэнжаргал, Шилдэг хаалгачаар мөн тус сумын тамирчин Ө.Шийрэвдамба нар тодорлоо. Буухиа тэмцээнд тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын тэмээчин Р.Ганбилэг, дэд байрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэмээчин Б.Буян-Өлзий, гутгаар байрыг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б.Түвшин-Оргил нар эзэлсэн юм.

"Гоё тэмээтэй Сайхан хос" уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Н.Баянтөр, Алтанзул, дэд байрт Даланзадгад сумын хос Ж.Энхтөр, С.Отгонжаргал, гутгаар байрт Манлай  сумын  хос А.Баянсүх, Н.Баянтунгалаг нар шалгарав. Тайлаг тэмээний  уралдааны тэргүүн магнайд Гурвантэс сумын уяач Батзаяагийн хөх, аман хүзүүнд мөн сумын тэргүүн уяач Т.Амарбаярын хар, гуравдугаар байранд Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн бор, дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэргүүн уяач У.Мөнхжаргалын хонгор, тавдугаар байранд Баян-Овоо сумын уяач Д.Буянхишигийн хүрэн тайлаг оржээ.

Торомны уралдаанд тэргүүн байрт Баян-Овоо сумын аймгийн тэргүүн уяач Ц.Бямбатогтохын шар, хоёрт Гурвантэс сумын аймгийн тэргүүн уяач Н.Мэндбаярын шар, гуравт Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн хөх, дөрөвт Манлай сумын аймгийн алдарт уяач Б.Болдбаатарын улаан, Гурвантэс сумын уяач О.Эгэлхүүгийн шар тором тус тус шалгарчээ. Нар ээсэн өдрөөр зэрэглээнд торолзох их говийг зорьсон бид хоёр өдрийн дотор байгалийн олон янз ааш, аягийг үзэж, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний гайхамшигт чадал, чадварыг биширч, говийн ард түмний найрсаг, зочломтгой занд талархсаар

“...Ингэн тэмээний нүд шигээ

Булаг шанд нь бүлээн

Элсэн хонгор говьдоо

Эхийн сүү шиг мэлтэрнэ ээ” хэмээн аялгуулан дуулсаар, нийслэл хотын зүг хүлгийн жолоо залав. Манантан цайрах зэрэглээн дундаа торойн үлдсэн Говь гурван сайхан уулс, нутаг шигээ тэнүүн сайхан говийн ард түмэнтэй дэлгэр цагаар, тэнүүн сайхан уулзахын ерөөл өргөн энэхүү сурвалжилгаа өндөрлөе. Их говьдоо эзэн шиг эзэн байж, цаг зуурын хэцүүг ч үл ажран, цагийн хатууд ч бууриа сахиж буй тэнгэрлэг тэмээчин ард та бүхэнд мэхийн ёслоё.

 


 

Сэтгүүлч Б.Өнөртогтох

ЭХ СУРВАЛЖ: DARDAS.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top