өдөр
шөнө
×

Сүүлийн 20 гаруй жил нэг сая орчим иргэн Улаанбаатарт шилжин иржээ

Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган өнөөдөр СТӨ, УДБЭТ-т эхэллээ. 

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Үндэсний статистикийн хороо, МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвтэй хамтран “Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөн” судалгааг 21 аймгийн 2258 өрхийн мэдээлэлд тулгуурлан 2023 оны хоёрдугаар сард хийж дуусчээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр, 2017-2021 оны хооронд 19 мянган өрх буюу 32 мянга гаруй иргэн Улаанбаатар хотоос аль нэг аймаг руу шилжин суурьшжээ. Сүүлийн 20 гаруй жилийн шилжилт хөдөлгөөний мэдээг аваад үзвэл нэг сая хүн нийслэлд шилжин ирж, хүн амын хэт төвлөрөл бий болсон.

Нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөний гол шалтгаанаар ажлын байртай болох, амьдралын чанараа дээшлүүлэх, чанартай боловсрол олж авах зэрэг шалтгаанууд нэрлэгдэж байгаа юм. 

1990 оноос эхлэн Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл хөдөөнөөс хөдөлсөн. Зөвхөн 1992-2016 оны хооронд 607 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн бол 2023 оны эхний улиралд энэ тоо нэг саяар хэмжигдэх болжээ. Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байна. Нийслэлд Монгол Улсын ДНБ-ний 63 хувь нь үйлдвэрлэгддэг бол их дээд сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84.2 хувь, үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын 70.4 хувь байрлаж, бүртгэлтэй автомашины 84 хувь зорчиж байгаа юм. Иргэдийн хөдөөг зорих хандлага сүүлийн үед бага багаар сэргэж байгаа бол тэд агаарын бохирдол, хөрсний бохирдол, дуу чимээний бохирдол, амьжиргааны өртөг, түгжрэл, гэмт хэргийн гаралт ихэсч байгаа гэх мэт шалтгаанаар төвөөс гадагшлах болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top