өдөр
шөнө
×

Сэтгүүлч Б.Анхбаяр нь бусдыг сүрдүүлэх замаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан тул цагдан хорьсон гэв

Сэтгүүлч Б.Анхбаярт 2023.02.01-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах мэдээлийг өглөө. Үүнд:

-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Б.Анхбаярыг Neguun.mn сайтын сэтгүүлчээр ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны А тоотод очиж, иргэн Б, В нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэг хийн улмаар уг дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд 500,000 төгрөгийг шилжүүлэн авч, “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. 

Үүнээс гадна, Б.Анхбаяр нь дахин өөр нэг тохиолдолд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан” гэх гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан байх тул түүнийг “дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурор гаргаж, шүүхэд ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж шүүх үзвэл тухайн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхаар заажээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цагдан хорих таслан сэргийлэх үндэслэл байна гэж үзэн яллагдагч Б.Анхбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top