өдөр
шөнө
×

Нүүрсний хулгайн хэргээр саатуулагдаад байсан “Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарыг суллажээ

Нийслэлийн прокурорын газраас "Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан билээ.

Тэгвэл “Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Д.Дагвадоржийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Тэнгис, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Г.Мөнхдөлийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй, яллагдагч Ши Шао Хуагийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нараас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд:

Хэрэгт авагдсан баримтуудаар “Таван толгой” ХХК-с хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үйл баримт авагдсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр авагдаагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.85.26)
    ЭНЭ БОЛ САНААТАЙ АЖЛЫН АЛДАА ЭНЭ АЛДААГ ГАРГАСАН ХҮМҮҮС ХУУЛИЙН БАЫГУУЛЛАГАД АЖИЛЛАХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ НЯМЫААТАР САЙД АА
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
Top