өдөр
шөнө
×

Баримт: С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяагийн компани “Оюу толгой” ХХК-д кэмп, катерингийн үйлчилгээ үзүүлж 63,9 тэрбум төгрөг авчээ

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эхнэр Ч.Нарантуяагийнхаа 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-иар дамжуулж “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулсан байжээ. Ингэхдээ Ч.Нарантуяа, М.Есөнмөнх нарын эзэмшилтэй “Кью Эф Эс” ХХК нь 2010-2012 онуудад Оюу толгой компанийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлж 43.225.152.952 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК болгон 20.736.000.732 төгрөг буюу нийт 63.961.153.685.23 төгрөгийг Оюутолгой компаниас авсан болох нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ.

Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч, комиссар Х.Аюушийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу, шинжээчээр томилогдсон “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээч дараах дүгнэлтийг гаргасан байна. 

Уг дүгнэлтэд, “2007 оноос хойш Оюу толгой ХХК-д түлш шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн, кэмп, катерингийн үйлчилгээ үзүүлсэн компаниудын ажил гүйцэтгэсэн гэрээнүүд болон нягтлан бодох бүртгэлийн журналд тусгагдсан ажил гүйлгээнүүдийг Авлигатай тэмцэх газраас ирүүлснийг дараах хөндлөнгийн мэдээллүүдтэй тулган шалгах ажлыг 2018 оны 05 дүгээр сараас 2019 оны 05 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж дүгнэлт гаргалаа. Үүнд:

Кэмп, катерингийн үйлчилгээний худалдан авалтад хийсэн: Кью эф эс ХХК нь 2010 оноос 2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэн 43.225.152.952 төгрөгийн, 2013 оноос нэрээ өөрчлөн Номадс катеринг энд интегратед сервисис ХХК-иар 20.736.000.732 төгрөгийн бүгд 63.961.153.685.23 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байна. Номадс Катеринг энд Интегрэйтэд Сервисис ХХК-ийн Оюу толгой ХХК-д үзүүлсэн кэмп, катерингийн үйлчилгээний гэрээний гүйцэтгэл /төгрөгөөр/ зэрэг нотлох баримтууд нь С.Баярцогтын гэм буруутай үйлдлүүдийг тогтооход хангалттай байлаа” хэмээн тодотгожээ.

“Кью Эф Эс” ХХК-тай С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа хэрхэн холбогддог вэ?

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт эхнэр Ч.Нарантуяагийн хамтаар 2000 онд “Нидо” ХХК-ийг үүсгэн байгуулж байжээ. Харин М.Есөнмөнх гэгч нь “Нидо” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2008-2012 онд ажиллаж байсан тухай мэдээлэл Улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Мөн 2004-2006 онд “Хаан гэр” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих, эхлэлтийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор  С.Баярцогт найз М.Есөнмөнхөд 458.536.750 төгрөгийг зээлүүлж байжээ. Харин энэхүү зээлээ буцаан авалгүйгээр тус  компанийн 50 хувийн хувьцааг эзэмших хүсэлтийг С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа гаргасныг М.Есөнмөнх хүлээн зөвшөөрч 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.Нарантуяа нь “Хаан гэр” ХХК-ийн 50 хувийн хувьцааг  өөрийн нөхөр С.Баярцогтын эзэмшлийн “Нидо” ХХК-д шилжүүлэх тухай гэрээг байгуулж, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

“Хаан гэр” ХХК-ийн 1 бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 68,941 ширхэг хувьцааг 689,410,000 төгрөгөөр худалдах тухай гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М.Есөнмөнх, “Нидо” ХХК”-ийг төлөөлж Ч.Нарантуяа нар байгуулж, М.Есөнмөнх “Хаан гэр” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлд 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлж байжээ.

Улмаар 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хаан гэр” ХХК-ийн нэрийг “Номадс хоспиталити” ХХК болгон өөрчилж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн “Кью Эф Эс” ХХК-ийн ерөнхий захирал М.Есөнмөнхийн шийдвэрээр компанийн дүрмийн сангийн тодорхой хэсгийг “Хаан гэр” ХХК-д шилжүүлж 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг болох нь баримтаар нотлогддог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • BAUARSAIHAN (66.181.181.160)
    2022 оны 4сардНомадс катерингд миний хүү энэ компанд ажилд орсон боловч одоог хзртэл нийгмийн даатгал төлөгдөхгүй бна ажилуулаж басан дарга хүртэл цалингаас нь зээл авчихаад өгөхгүй байна аа 98338916
    2022 оны 11 сарын 18 | Хариулах
Top