өдөр
шөнө
×

Б.Дэлгэрсайхан: С.Баярцогт 1.2 сая евротой тэнцүү хэмжээний ам.долларыг миний албан өрөөнд өөрөө бэлнээр авчирч өгсөн

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  АТГ-т С.Баярцогтод зээлсэн их хэмжээний валютынхаа талаар дараах мэдүүлэг өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Б.Дэлгэрсайхан энэ талаар, "Сангажавын Баярцогттой хамтарсан компани, аж ахуйн нэгж байгуулж хамтарч ажиллаж байсан удаа байхгүй. 

Харин С.Баярцогт мөнгө зээлдүүлээч гэсэн санал тавьж, би тодорхой хугацаагаар зээлдүүлж туслаад буцаан авч байсан. Надаас “Мөнгө зээлж хувьцааны арилжаа хийж ашиг олох боломж байна. Мөнгө зээлдүүлээч. Би буцаагаад Монголд өгье” гэж хэлээд 2008 онд надаас мөнгө зээлж авч байсан. Одоо бол энэ авсан мөнгөнийх нь тооцоо дууссан. Надад буцааж өгсөн. 

Би өмнөх мэдүүлгүүддээ ч бас энэ талаар хэлсэн. Харин би өөрөө С.Баярцогтоос мөнгө зээлж авч байгаагүй. Бүр олон жилийн өмнө тэдний Товхон хан компаниас нь тариа будаа зээлээр авч байсан. Мөнгө төлбөрөө дараа нь өгөөд бид тооцоо өр авлага дууссан. 

Миний хувьд С.Баярцогтод 8.2 сая еврог дансаар өгсөн. 1.2 сая евро, 2 сая евро, 5 сая евро гэсэн гурван удаагийн шилжүүлгийг 2008 оны 09 сарын 30-ны өдөр хийсэн. Дээрх гурван удаагийн шилжүүлгийг хийхдээ С.Баярцогтын өөрийнх нь гэх гурван өөр данс руу хийсэн. С.Баярцогт 1.2 сая евротой тэнцүү хэмжээний мөнгийг надад Монгол Улсад бэлнээр өгсөн. 

Баярцогт надаас авсан зээлийг цааш нь хэрхэн юунд зарцуулж, ямар бизнест оруулсныг би мэдэхгүй. Хамтарч хувьцааны бизнес, арилжаа хийх зорилгоор би зээлдүүлээгүй. Сангажавын Баярцогттой хамтарч хийсэн хувьцаа, арилжааны бизнес байсан бол та нарт нууж хаалгүйгээр шууд хэлнэ. 

Хамтарч арилжаа хийх зорилгоор би түүнд мөнгө өгөөгүй. Баярцогт надаас зээлж аваад тодорхой хугацааны дараа өгье гээд л авсан. Буцаагаад өгсөн. Баярцогт 1.2 сая евротой тэнцүү хэмжээний америк долларыг манай ажил дээр миний албан өрөөнд өөрөө бэлнээр авчирч өгсөн. Баярцогт энэхүү мөнгийг авчирч өгөхдөө ганцаараа ирсэн. Надаас авсан мөнгөөрөө С.Баярцогт ямар бизнес хийгээд ямар ашиг олсон талаар би мэдэхгүй, сонирхоогүй. Лав л Айвенхоу майнзын хувьцаа авч арилжаанд оролцоно гэж Баярцогт надад хэлж байгаагүй. Хэрвээ үнэхээр тийм юм болсон бол Баярцогт Айвенхоу майнзын хувьцаа авах гэж байгаа талаараа надад хэлээгүй нуусан байна. Баярцогт Айвенхоу майнзын хувьцаа өснө гэдэг талаар мэдээлэлтэй байгаад, тэндээс надаас зээлсэн мөнгөөр хувьцаа аваад ашиг олсон юм байлгүй дээ. 

Баярцогт үнэхээр тухайн үед Айвенхоу майнзын хувьцаа авч ашиг олсон нь үнэн бол надаас мөнгө авчихаад надад тухайн үед Айвенхоу Майнзын хувьцааны арилжаанд оролцох талаараа хэлээгүйд нь гайхаж байна. Амин хувиа хичээсэн зантай л хүн байж. Хэрэв энэ талаар надад хэлсэн бол би өөрөө Баярцогтод өгснөөсөө илүү хэмжээний мөнгө гаргаж арилжаанд оролцож тодорхой ашиг олохыг бодно биз дээ, тийм боломж ч тэр үед надад байсан. 

Сангажавын Баярцогт надаас зээлж авсан мөнгөнөөсөө 1 сая еврог Сингапур дахь BNP Paribas банкны дансаар шилжүүлсэн. Энэ нь надаас авсан зээлийн эргэн төлөлтийн нэг хэсэг юм. Над руу Баярцогт 2009 оны 8 сарын 20-нд шилжүүлж байсан. Үүнтэй холбоотой баримтыг би гаргаж өгье. 

Би 20 сая долларт Айвенхоу майнзийн хувьцаа авч байгаагүй. Өмгөөлөгчийн тайлбарласнаар олон улсын хөрөнгийн аль ч биржээс ийм их мөнгөөр хувьцаа авах тохиолдолд голлох хувьцаа эзэмшиж байгаа компанид нь урьдчилан мэдэгдэх, мөн одоо хөрөнгийн биржийн брокероор дамжуулж авдаг дүрэм журамтай гэж сонссон. Энэ бүгдийг Швейцарийн банк санхүүгийн байгууллага мэдэх ёстой. Хэрвээ ийм арилжаа явагдсан бол хөрөнгийн биржийн бүртгэлд заавал бүртгэгдсэн байх ёстой тэндээс бүх зүйл тодорхой харагдана. Энэ журам дүрмийн талаар Швейцарийн прокурорынхон мэдэж байгаа байлгүй. Би энэ талаар мэдэхгүй. Баярцогт руу анх 8.2 сая еврог шилжүүлэхэд дансны дугаар нь ч тоо, данс эзэмшигч нь тоогоор илэрхийлэгдэж байсан. Тухайн үедээ би ямар сонин юм бэ гэж бодож байсан. Баярцогтын данс гэж мэдэгдэхгүй байсан” хэмээн мэдүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.40.240)
    Ер нь бол ойгүй баячууд бидний толгой дээр суудаг юм бна.
    2022 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (23.120.124.237)
    1.2 сая доллар бэлнээр бариад явж байх уу! Итгэмээр юм ярь
    2022 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.112.106)
    хэдэн хулгайч дээрэмчид хэлэх хэлэхгүйгээр доромжилдог болжээ
    2022 оны 11 сарын 17 | Хариулах
  • Бас 1 худалч гар (139.5.216.153)
    Шаа шаа удахгүй цаг хугацаа худлаа ярьсан хүмүүсийг илчилдэг байгалийн хуультай
    2022 оны 11 сарын 17 | Хариулах
Top