өдөр
шөнө
×

Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг төсвийн 157 сая төгрөгөөр хувьдаа брэндийн хувцас худалдаж авч тансаглажээ!

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг гэгч нь улсын төсвийн 500 гаруй сая төгрөгийг хувьдаа завшиж, брэндийн хувцас, үнэтэй тавилга худалдаж авахад зарцуулжээ. Тэрээр “Нараа бүтик” зэрэг брэндийн хувцас зардаг дэлгүүрүүдээс хувцас худалдаж аваад мөнгийг нь уг дэлгүүрийн эзний хамаарал бүхий компаниудын данс руу Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “мах, ногоо, бараа материалын үнэ” зэрэг утгаар шилжүүлдэг байжээ.

Тухайлбал, Одончимэгийн тушаалаар Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Унаган төгөл” ХХК-ийн Голомт банкны 1905009774 тоот данс руу 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 82 удаагийн гүйлгээгээр 162,251,350 төгрөгийг “мах, хүнсний материал, бараа” гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Хөтөл тэлмэн" ХХК-ийн Хаан банкны 5030017977 тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 удаагийн гүйлгээгээр нийт 32,797,000 төгрөгийг “бараа материалын үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар, нийт 195,048,350 төгрөг шилжүүлжээ. Үүний 157,248,350 төгрөгөөр Одончимэг нь “Нараа бүтик” дэлгүүрээс өөртөө хувцас хэрэглэл худалдан авсан байна.

Энэ талаар Нараа бүтик дэлгүүрийн захирал Н.Наранцэцэг АТГ-ын мөрдөгчдөд  “...Би “Нараа бүтик” гэж нэртэй бэлэн хувцасны дэлгүүрийг 2005 оноос хойш ажиллуулж байна. Ш.Одончимэгийг  манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч гэдэг утгаар нь танина. Түүнээс өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. 

2013 оноос хойш Одончимэг манай дэлгүүрээс хувцас, бараа авах нь ихэссэн бөгөөд зээлээр бараагаа аваад явдаг болсон. Тэгээд Одончимэг зээлээр авсан барааныхаа мөнгийг өгөхгүй удаад байхаар нь би “мөнгөө өгөөч ээ” гэж нэхэхээр Одончимэг  бага хэмжээний бэлэн мөнгө өгчхөөд “та данс өгчихвөл би мөнгийг чинь хурдан гаргаад өгнө” гэхээр нь би өөрийнхөө ХААН банк дахь дансны дугаарыг өгсөн чинь Одончимэг “үгүй хувь хүний данс биш компанийн данс хэрэгтэй” гэж хэлсэн. 

Тэгээд би Одончимэгээс мөнгөө авахын тулд бэр охин Гурвантамирын “Унаган төгөл” ХХК-ийн дансны дугаарыг өгсөн. Тэгсэн чинь “зарлагын баримт, нэхэмжлэх хэрэгтэй” гэхээр нь би “манай охиноос ав" гэж хэлээд Гурвантамираас бичилт хийгээгүй нэхэмжлэх болон зарлагын баримтуудыг авч байсан. Одончимэг манай дэлгүүрээр ирэхдээ хэд хэдэн удаа туслах гэх хоёр эмэгтэйн хамт ирж байсан бөгөөд нэхэмжлэх авах, авсан хувцсаа буцаах зэрэгт хааяа мөн туслахуудаа явуулдаг байсан. 

“Унаган төгөл” ХХК ийн дансанд мөнгө орж ирэхдээ "махны үнэ” гэсэн утгатай мөнгө орж ирээд байна энэ ямар учиртай юм бэ” гэж манай бэр Гурвантамир надад хэлж байсан бөгөөд би ч тухайн үедээ "тэгж л мөнгө шилжүүлдэг юм байлгүй” гэж бодоод тоогоогүй. 

“Унаган төгөл" ХХК-ийн данс руу ойролцоогоор 200 сая гаран төгрөгийг Одончимэг шилжүүлсэн. Тэгээд 2017 онд манай бэр “компаниа хаалаа дахиж данс руу мөнгө битгий хийгээрэй” гэхээр нь би өөрийн найз Дэлгэрбаярын “Хөтөл тэлмэн" ХХК-ийн дансыг бичилт хийгээгүй тамга дарчихсан нэхэмжлэх, зарлагын баримтын хамт өгсөн. 

2017 онд “Хөтөл тэлмэн” ХХК-ийн “ХААН” банкны данс руу 30 сая гаран төгрөг шилжсэн гэж бодож байна. Одончимэг хувцасныхаа мөнгийг шилжүүлэхдээ дандаа 3-4 сая орчим төгрөгийг нэг удаад шилжүүлж байсан санагдаж байна. Манай дэлгүүрийн хувцас бүгдээрээ европоос орж ирж байгаа брэнд хувцаснууд учир ер нь бол үнэтэй байдаг. 

Одончимэг манай дэлгүүрээс дотуур хувцаснаас бусад бүх төрлийн эмэгтэй хувцсыг худалдан авч байсан. Өөртөө болон охиндоо хувцас худалдаж авдаг байсан. Мөн дүүдээ авна гээд хэд хэдэн удаа гутал авч байсан. Түүний худалдаж авсан хувцаснуудаас хамгийн үнэтэй хувцас нь хар дарапан пальто, суусар урт хантаазны хослол 30 сая төгрөг хүрч байсан. Мөн өвдөгний дээгүүр татах урттай германы булган шубийг 10 сая төгрөгөөр авч байсан. Одончимэг сүүлийн жилүүдэд худалдан авсан хувцасныхаа мөнгийг дандаа дээрх хоёр компанийн данс руу шилжүүлж байсан” хэмээн мэдүүлжээ.

Мөн “Унаган төгөл" ХХК-ийн захирал Гурвантамир АТГ-д өгсөн мэдүүлэгтээ,  “...Манай компани Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт огт бараа материал нийлүүлж байгаагүй. 

Манай хадам ээж Наранцэцэг европ эмэгтэй хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2014 онд хадам ээж Наранцэцэг “манай дэлгүүрээс хувцас худалдан авдаг хүн худалдан авсан хувцасныхаа мөнгийг өгөхдөө заавал компанийн данс руу шилжүүлнэ гээд байна. Чамд тийм данс байна уу” гэхээр нь би “миний нэг компани байгаа тэрний данс руу хийлгүүлчих” гэж хэлээд компанийнхаа дансны дугаарыг өгсөн. Тэгсэн чинь хадам ээж ‘“нэхэмжлэх хэрэгтэй гэнэ” гээд нэхэмжлэх авчраад манай “Унаган төгөл” компанийн тамгыг даруулаад авч явж байсан. 

Түүнээс хойш байнга л компанийн данс руу мөнгө шилжүүлдэг болсон бөгөөд хадам ээж нэхэмжлэх олон ширхгээр авчраад тамга даруулаад аваад явдаг байсан. Заримдаа би тамгаа хадам ээжид өгөөд явуулж байсан ч тохиолдол байгаа. Би компанийн дансанд орсон мөнгө болгоныг тухайн үед нь данснаасаа бэлнээр гаргаж аваад хадам ээждээ өгч байсан. 

2016 оны 07 дугаар сард Одончимэг гэж хүн над руу утсаар яриад “манай нягтлан танай компанийн данс руу мөнгө андуураад шилжүүлчихсэн байна, гаргаад өгөөч” гэж хэлэхээр нь би “яахаараа данс андуурч мөнгө шилжүүлдэг юм бэ” гэж хэлсэн чинь Одончимэг гэж хүн шууд намайг загнаад элдвээр хараагаад эхлэхээр нь би уурлаад бид хоёр маргалдсан... 

Тэгээд хадам ээжтэй “энэ ямар учиртай юм бэ гэж хэлсэн чинь “за андуурчихсан юм байлгүй дээ, хүнтэй маргаад яахав, гаргаад өгчих” гэхээр нь би данснаасаа 4,979,000 төгрөгийг бэлнээр гаргаж Одончимэгийн туслах гэх хоёр эмэгтэй манай гэрийн гадаа ирж аваад явсан. 

Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сард бас хадам ээж над руу яриад “данс руу чинь мөнгө хийчихсэн байгаа гаргаад өгөөч, дахиж чиний данс руу мөнгө хийлгэхгүй, сүүлийн удаа” гэж хэлэхээр нь би “дахиж данс руу мөнгө шилжүүлэхгүй шүү” гэж хэлээд 5 сая орчим төгрөгийг данснаасаа бэлнээр аваад хадам ээжид өгсөн. 

Одончимэг гэж хүн хадам ээжээс худалдаж авсан хувцасныхаа мөнгийг манай компанийн данс руу шилжүүлж байсан. Тэгээд АТГ-аас шалгаад эхлэхээр нь би "ямар учиртай юм бол” гээд дансныхаа хуулгыг аваад үзсэн чинь дандаа "махны үнэ, гахайн мах, бараа материал" гэсэн утгаар Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас мөнгө шилжүүлсэн байсныг мэдсэн. 

Мөнгө шилжүүлж байх үед хаанаас ямар утгаар шилжүүлэг хийгдэж байгааг өөрөөсөө харж, асууж байгаагүй юм байна лээ. Хадам ээжийн хувцасны дэлгүүрийн бараа дандаа европоос еврогоор захиалга өгч бараа бүтээгдэхүүн нь ирдэг учир харьцангуй өндөр үнэтэй байдаг. 

Хадам ээж мах болон бусад бараа материал Нийтлэг үйлчилгээний газарт нийлүүлж байгаагүй. Одончимэг гэж хүн хадам ээжээс худалдан авсан хувцасныхаа мөнгийг өгөхдөө мах, бараа материал гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байна лээ. Одончимэг нь яагаад дээрх утгаар мөнгөө шилжүүлсэн болохыг би мэдэхгүй байна. Би өөртөө нэг төгрөг ч аваагүй бүх мөнгийг хадам ээжид гаргаж өгч байсан” хэмээн мэдүүлжээ.

Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top