өдөр
шөнө
×

Махны хариуцлагыг Мэндсайхантай ярих ёстой

Хэдхэн сарын өмнө, өнгөрсөн өвөл “...Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү, сайд аа” гээд Хөдөө аж ахуйн сайд Мэндсайханд анхааруулж байв. Тэр үед Монголын 70 сая толгой малын үхэр сүрэгт шүлхий, товруутах өвчин тарчихсан, хонь, ямааны мялзан, хонины цэцэг өвчний халдвар гаарсан байв.

Хөдөө аж ахуйн сайд Мэндсайхан ч хоёр гараа өргөчихсөн байсан л даа. Тэрбээр 2021 оны аравдугаар сард “...Цар тахлын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны нийлүүлэлт багасаж байна. Тиймээс энэ оныг дуустал махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэж байв.

Одоо тэр шүлхий, товруутах, мялзан, цэцэг өвчний вакцинуудаа олж ирж малдаа тарьсан уу яасан, бүү мэд. Мэдээлэл бараг байхгүй.

Бас тухайн үед хориглож байсан махны экспортыг дахин хориглох шийдвэрийг Засгийн газар 14 хоногийн өмнө гаргалаа. Тодруулж хэлбэл, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 он дуустал зогсоосон байна. Мөн мах экспортолдог Хятадын компаниудын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөл авчихаад түүнийгээ Хятадын компаниудад дамласан нэр бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хэрэг зөрчил гарахад нөлөө үзүүлж, боломж олгон, оролцсон байж болзошгүй холбогдох дүүргийн мэргэжлийн хяналтын удирдлагууд, байцаагч нарыг чөлөөлөхөөр болсон байна.

Үүнээс гадна Махны нэгдсэн стандарт, дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд 2022 ондоо багтааж Улаанбаатар хот орчимд дулааны аргаар мах боловсруулахгүй болгох чиглэлийг холбогдох яам, албан тушаалтнуудад өгсөн байна. Бас шинжилгээний лабораториудыг нэгтгэхээр болжээ. Ингэснээр малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэхээр болж байна.

Мах экспортлогчид хоорондоо үзээд байснаа, тусгай зөвшөөрлөө цуцлуулж, экспортоо хориулаад ирэхээрээ бөөгнөөд гомдол гаргаж эхэллээ.

Энэ нь сар гаруйн өмнөөс эхэлсэн Эмээлтийн махны дуулиантай холбоотой. Маш ноцтой нь монгол хүн мах идэхээс айдаг болчихлоо. Хиам, зайдаснаас бүр зугтаж байна. Дээрээс нь мах экспортлогчид хохирол амсаж байна гэнэ, тэр нь үнэн. Гэхдээ Эмээлтэд яг юу болсон бэ гэдгийг эцэслээгүй. Тэгэхээр олон нийтийн эргэлзээ хийгээд экспортлогчдын хохирол үргэлжилнэ гэсэн үг.

Ер нь яагаад ийм болчихов оо?!

Эмээлт дээр бэлтгэгддэг махны ч, экспортод гардаг махны ч ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэхийг Мэндсайхан сайд хариуцдаг. Өөрөөр хэлбэл, махны асуудал Мэндсайхантай шууд холбоотой.

Тодруулбал, стратегийн хүнс болох үхэр, адуу, тэмээ, хонь, ямааны мах, үхрийн махыг 80, хонь, ямааны махыг 65 хэмийн халуунд 30 минут чанах, жигнэх, шарах хэлбэр буюу дулааны аргаар боловсруулсан малын мах, шингэн болон хуурай сүү, улаан буудайн гурил, хүнсний зориулалтаар савласан ус зэргийг экспортлох зөвшөөрлийг Мэндсайхан сайд олгоно.

Түүнчлэн одоо дуулиан шуугиан болоод байгаа мах экспортлох талаар импортлогч талтай Мэндсайханы хариуцсан яам анх яриа тохироо хийсэн. Тухайлбал, 2011 оны аравдугаар сарын 27-нд анх Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн дэд сайд нар өдөр хэлэлцээр хийж, “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, Хятад улсад экспортолж, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай” протокол байгуулсан байдаг.

За энэ бол экспортын махтай холбоотой асуудал нь байгаа юм. Харин Эмээлт, Налайх, бусад шалган нэвтрүүлэх товчоодоор идэж болох мах орж ирж чадаж байгаа юу. Энэ том хэрэг. Мэдээж, мах хот руу орж ирэх, ирсэн хойно нь хяналт тавих нь МХЕГ-ын үүрэг л дээ. Гэхдээ ямар мах бэлтгэгдэж, хотын ч, хөдөөгийн ч иргэдийн хүнс болж байна вэ гэдэг бол Мэндсайхан сайдын ажил юм. Нөгөө л дээр яриад байсанчлан гоц халдварт өвчтэй малын мах уу, элдвийн эм тариа, вакцины хор суусан мах уу гээд асуудал жагсана. Үнэндээ аль дээр нь ч хяналт сул, бараг байхгүй явж ирсэн. Одоо ч тийм байна. Хөдөө аж ахуйн сайдын шууд удирдлага дахь Мал эмнэлгийн ерөнхий газар махны аюулгүй байдалтай хамгийн түрүүнд тулах ёстой. Гэтэл энэ газарт дарга удирдлага нь болж өгдөггүй, саяхныг болтол дотоод зохион байгуулалт нь ч жигдрээгүй байсан. Тийм байгууллагын ажил ямар байх нь тодорхой. Ер нь тэгээд, явж явж Мэндсайхан сайдын л ажил болоод явчихаж байгаа юм л даа.

Эцэст нь бас дахин хэлэхэд мах аюултай болсон нь Мэндсайхантай холбоотой болж таарах гээд байна шүү. Тэгээд ч махны дуулианыг мартаж болохгүй. Бусад дуулианы адил бас нэг дуулианд дарагдаад өнгөрөх “хөнгөхөн” сэдэв ч биш.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ зургаадугаар САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 117 (6849)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top