өдөр
шөнө
×

ЭЦА-наас ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ хийж их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валютыг ХУРААН АВЧЭЭ

Монгол улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбоотой Гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагыг тойрсон эрх мэдэл, албан тушаал, авлигын асуудал ил, далд хэлбэрээр нилээдгүй яригддаг.

Тэгвэл тэдгээрийн булхайх илчлэх томоохон ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлж, Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Уг шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаний захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр буюу 2022 оны 06 сарын 09-ний өдөр нэгжлэг хийхэд эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрснийг авлигын холбогдолтой мөнгө байж болзошгүй гэж үзэж хураан авч байгаа тухай баттай эх сурвалж мэдээллээ.

Гаалийн байгууллагын албан тушаалтнууд, нүүрс тээврийн томоохон ААН-үүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Мөн тэдгээрийн хооронд Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн байж болзошгүй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top