өдөр
шөнө
×

Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлахад олон улсын сан, төрийн ба иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллана.

Чойжин ламын сүм музей нь МУ-ын хосгүй үнэт түүх соёлын хөдлөх дурсгалыг судлан сурталчлах, хадгалж хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг ба 6 сүм, 5 хүндэтгэлийн хаалга бүхий уг цогцолбор нь улсын тусгай хамгаалалтад байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал юм. Тус музейн  Ядам сүм нь Монгол төрийн Чойжин-Лувсанхайдавын нууц тарнийн бясалгал хийдэг байсан сүм бөгөөд бусад сүмээс тусдаа хэрмэн хашаагаар тусгаарлагдсан байдаг. 

Монгол Урлагийн Зөвлөл (МУЗ) ба World Monuments Fund (WMF) хамтран АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн (AFCP) санхүүжилтээр Ядам сүмийн барилгын сэргээн засварлалтын төслийн ажлыг эхлүүлж байна. Сэргээн засварлалтын ажлын гүйцэтгэгчээр Энэржин компанийг 2021 онд сонгон шалгаруулсан ба барилгын иж бүрэн засварын ажил 2022 оны 5 сараас 10 сарыг  дуустал үргэлжилнэ.

МУ-ын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Соёлын дэд сайдаар ахлуулсан сэргээн засварлалтын мэргэжлийн зөвлөл нь төслийн багийг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах  бол WMF-ийн олон улсын техникийн хяналтын баг: АНУ-ын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн хот төлөвлөлт, дизайны хүрээлэнгийн модон архитектурын мэргэжилтэн Шиао Жинлян, Бээжингийн ШУТИС-ийн ханын зургийн мэргэжилтэн Гуо Хонг нар зөвлөмж өгөх юм. Мөн сүм хийдийн барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг, сүм хийдийн барилгын инженер Ж.Баясгалан, өнгө будгийн мэргэжилтэн Б.Адъяа нар МУЗ-ийн ажлын хэсэгт ажиллаж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьна.

Энэхүү сэргээн засварлалтын төсөл нь Монголчуудын сүм хийд бүтээх уламжлалт арга ур ухааныг ахин сэргээх, практикт хэрэгжүүлэх, ирээдүйд өвлүүлэх боломжийг олгох, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой бөгөөд олон улсын жишиг стандартыг дагаж мөрдсөн, шинжлэх ухааны олон талт судалгаа шинжилгээнд үндэслэн уламжлалт технологийг нэвтрүүлсэн анхны жишиг төсөл болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top