Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазартай холбоотой төсвийн тансаглалын асуудлыг цувралаар хөндөж байна.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар одоогоос хэдхэн сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сард нийслэлийн засаг даргын урсгал зардлаас 280 сая төгрөг гаргаж “Нийслэл хотын иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох судалгаа”-г хийлгэжээ.
Уг судалгааг Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-иас тендер зарлан захиалж, гүйцэтгэгчээр нь Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Эрдэнийн хамаарал бүхий “Эм Эм Си Жи” ХХК шалгарчээ.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч асан Н.Баярчимэг ажилладаг аж.
Тус корпорацийн зүгээс дээрх судалгааны зорилгыг Нийслэлийн хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг судлах хэмээн тодорхойлсон байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын тухайд амьдралд нийцэхгүй эргэж буцсан шийдвэрийг гаргаж нийслэлийн иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг гэх шүүмжлэлд өртдөг нэгэн. Үүний томоохон жишээ нь Нийслэлээс машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөгт хүргэж, авто зогсоолын төлбөрийг 3,000 төгрөгт хүргэнэ хэмээн мэдэгдээд байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран уг шийдвэрээ буцаан татсан.
Мөн Нийслэлийн засаг даргын зүгээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд тусгай зөвшөөрөлгүйгээр 74 төрлийн худалдаа үйлчилгээг эрхэлж болно хэмээн мэдэгдсэн ч одоогоор тус шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, цагдаа нарын шахалт дарамт дор үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар иргэд Д.Сумъяабазарт хаяглан цахим орчинд бичсээр байгаа юм.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (11)