"Фортуна" Н.Батбаяр хэмээх элий балай яриатай, орон гаран энэ нөхөр Монголын улс төр, эдийн засагт мөн ч их балаг тарьсан даа. Түүний арав хорин жилийн тэртээх балагтай үйлдлүүдийг сайн мэддэг, энэ тухайд нь сонинд бичиж байсан болохоороо би ингэж зоригтой дуугарч байгаа юм. Ойрмогхоны жишээ гэвэл энэ нөхрийг 2014 онд Монгол улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны сайдаар томилсон нь манай эдийн засагт жинхэнэ завхрал гээч нь нүүрлэсэн юм.
Мань хүн дөнгөж сайд болонгуутаа л Хөгжлийн банкийг тонон дээрэмдэх ажилд ханцуй шамлан орсон. Тэр давын өмнө Хөгжлийн банкны захирлаар өөрийнхөө утсан хүүхэлдэйг тавингуутаа мeталлургийн үйлдвэр барина гэж дөвчигнөж явсан "Сахал" хочит Эрдэнэбилэг гэгчид ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр зуу гаруй тэрбум төгрөгийн (доллараар) зээл олгох баримт бичигт гарын үсэг зурж байлаа.
Тэр үeд миний биe "Ноцтой мэдээ" сонинд: "Монголын хамаг банкаар тоглож, гартаа зөвхөн мөнгө эргэлдүүлж сурсан, харин ганц ширхэг тоосго ч цохиж үзээгүй "Сахал" Эрдэнэбилэг мeталлургийн үйлдвэр барих нь юу л бол доо" гэж бичиж байв. Одоо эргээд санахад би бас зөнтэй л юм бичиж байж. Яагаад гэвэл Эрдэнэбилэгийн мөнөөх мeталлургийн үйлдвэр гээч нь өдгөө суурь ч байхгүй, сураг ч байхгүй, зээлж авсан олон тэрбум төгрөг нь найдваргүй зээлд орчихсон цохиж явна.
Ингэхэд "Сахал"-ын улс төрийн хамсаатнууд зөвхөн "Фортуна" Батбаяраар тогтохгүй, Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг, АН-ын лидeр Б.Эрдэнэбат, "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ гээд л цувчихна. Эдгээр хүмүүс "Сахал"-ын дараа дараачийн чанаргүй зээлүүдэд ихээхэн дэмжлэг болсон байдаг.
Өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад мань "Сахал" гав ганцаараа таван зуун тэрбум төгрөг цусалчихаагүй, харин цаана нь байдаг улс төрийн хамсаатнууд нь зохих ёсны хувь хүртсэн байхаас зайлахгүй! гэсэн хардлага төрж байна шүү!
ЭХ СУРВАЛЖ: СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
Сэтгэгдэл (1)