өдөр
шөнө
×

Л.Оюун-Эрдэнэ: Улстөрийн нөлөөллөө ашиглаж зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан асуудлуудыг Эрүүгийн хуулиар шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын дагуу ашигласан, тухайн төсөл улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан бол, барьцаа хөрөнгө нь хангалттай бол, мөн цар тахлын улмаас эргэн төлөлт урт биш хугацаагаар тасалдсан бол "хэвийн зээл" гэж үзнэ. Аль болох хамтран ажиллаж, хуулийн бүх гарц дээр дэмжлэг үзүүлнэ.

Хоёрдугаарт, Улс төрийн нөлөөлөл ашиглаж зээл аваад зориулалтын бусаар өөр зүйлд ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй 2011 оноос хойшхи бүх чанаргүй зээлүүдийг Эрүүгийн хуулийн дагуу "Мөнгө угаах хэрэг" ангилалд оруулж шалгана. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой, бондын өр төлбөр төлсөнтэй холбоотойгоор мултарч үлдэх албан тушаалтнууд байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж шалгана. Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг хийж байгаа үйлдэл гэж ойлгож болохгүй, харин ч тэдний төлөө, цаашдаа бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгохын төлөө, Хөгжлийн банк зөв зарчмын дагуу ажилладаг байхын төлөө хийж байгаа алхам гэж ойлгож болно.

Жагсаавал 15 хүрэхгүй хүн л 1,7 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, хохиролгүй болгох олон улсын зарчмын дагуу шийдвэрлэнэ. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Цаашдаа Хөгжлийн банкийг Эксим банк болгож,  экспорт, импортыг дэмждэг олон улсын жишгийнх нь дагуу ажиллуулна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Төмөх (59.153.114.10)
    ЗӨВ!!!
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
Top