өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Удахгүй Женко ахынхаа хөшөөг босгоё гээд жирийлгээд ороод ирэв дээ, Л.Оюун-Эрдэнэ ээ!

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү...

Дарханы зам байхгүй, Түлэнхийн төв байхгүй, сумуудын дунд сургуульд боловсон жорлон байхгүй, орчин үеийн шаардлага хангасан дотуур байр байхгүй, нэгдүгээр хорооллыг Яармагтай холбосон гүүр байхгүй, Тавдугаар цахилгаан станц байхгүй... Энэ бүхнийг баръя гэсэн ч манай нялх Засгийн газрын мэдлэг чадвар, мега мета төсөл боловсруулах эдийн засгийн боловсрол дутна. Гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг татах танил тал, найз нөхдийн зэрэглэл байхгүй, олон улсын хүрээнд харилцаагаа өргөжүүлэх түншлэл байхгүй. Мэддэг нь Бэрх, хардаг нь Тасганы овоо, чаддаг нь хөшөө, цохиж унагаадаг нь төсөв. Энүүхэндээ гэхэд 2022 оны төсвийг 18 их наядын зарлагатай, 3.6 их наядаар банкуудаас бонд авах, дээр нь нэмээд Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангаасаа 1.6 их наядыг авч үрэн таран хийхээр төлөвлөж баталсан. Гэтэл гэнэт л төсвийн багагүй үрэлгэн зардлын нэг нь 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Тасганы овоо дахь Богд Зонховын хөшөөг барих явдал болж хувирлаа.

Үндсэндээ аль ч шатанд мэдээлэлгүй байсан энэ ажил аль сарын өмнө эхэлчихсэн, Тасганы овоон дээр шавар овоолоод удаж байгаа. Манай Оюун-Эрдэнэ, Номин хоёр андлал хүмүүсийн зүрх сэтгэлд бус, чулуун хөшөөнд оршдог гэж итгэдэг, сүсэг бишрэл ард түмнийх нь үзэл бодол, итгэл үнэмшилд бус Тасганы овооны орой дээр байдаг гэж бодож явдаг улс бололтой. Тэгээд ч хөшөө баримал бариулах нь мега төсөл боловсруулж, Түлэнхийн төвийг босгож, эмнэлгүүдээ нарийн мэргэжлийн аппаратаар хангахаас илүү унацтай гэж үздэг шиг байгаа юм. Хөшөө барьж байгаа арга барил нь адил. Хулгайн гэмээр арга, хударгагүй гэмээр замналаар хийгээд байгаагаараа бүүр адилхан.

Андлалын хөшөөг нурааж ачуулаад сар гаруйхны дараа хандивын реклам цацсан болоод гэнэт л Тэнгэрийн андгайг оронд нь босгочихсон. Санхүүгийн тайлан, орлого зарлага, мөнгөний эх үүсвэр одоо болтол тодорхойгүй. Гэтэл Тасганы овоон дээрх 32 тэрбумын өртөгтэй хөшөө бас л гэнэт эхэлсэн, хэзээ хэдэн оны төсөвт багтаж ороод, одоо барьж байгааг тайлбарлах хэрэгтэй. Хэний шахаа вэ, хэний компани хэний зураг төслөөр барьж байгаа юм? Энэ мөнгөөр гэртээ цоожтой үлддэг олон мянган хүүхэд хэдэн арван цэцэрлэгтэй болох боломжтой. Төмөр замын урсгал чиглэлийг ч гарц, гарам орчимд нь бага хүрээнд нэмж болно. Энэ улс оронд аминд тулж, амьжиргаанд садаа болсон олон асуудал ар араасаа жагсаатай байна. Гэтэл яав? Дахиад л хөшөө. Бас дахин хөшөө. Хэзээний ч юм, хэний ч юм бизнес.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Хүрэлбаатар нь төсөв өргөн барихад энэ хөшөө байгаагүй гэдгийг мэдэгдчихлээ. Гурван гишүүн анх 5.5 тэрбумаар барина гэж санал оруулж байсан тухай ч хэллээ. Гэтэл тэр нь Оюун-Эрдэнийн үед 32.0 тэрбум болж тэнгэрт хадаж, даруй зургаа дахин өртөг нь ихэссэн төдийгүй бариад эхэлчихлээ.

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчдыг ар араасаа төрүүлээд л байгаа нь энэ үү? Дашрамд дуулгахад Монгол Улсад одоогоор морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь, ямааны хөшөө 1652, аргал янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны хөшөө 27, Өүлэн эхийн хөшөө 11, нохойны хөшөө 231, эвт дөрвөн амьтных 26, тарваганы хөшөө 25 бий гэсэн тоон дүн байна.

Шавар овоолоод хөгждөг бол хөгжлийн оргилд хүрэх боллоо. Шинэ үеийн залуус төр барина гэж түмнээрээ найдвар тавин хүлээсэн атал шавар овоологчдын дараа үеийнхэн шанага халбагаа бариад гараад ирдэг ажээ. Шаварт нам сууна гэдэг л энэ байх даа, хөөрхий. Хэлээд байгаа шүү, яаж ч рекламдаад наад Засгийн газрыг чинь ард түмэн аль эрт сэтгэлийнхээ хоймроос огцруулчихаад, итгэлийнхээ хатавчнаас зайлуулчихаад байна. Чадахгүй юм чадахгүй л байдаг. МАН төр барих, парламент тэргүүлэх, гүйцэтгэх засаглал удирдах үүргээ биелүүлж чадалгүй, бэтгээ бөөцийлж, бэлдээ бүдрээд хоёр дахь жилээ үдэж байгаа шүү. Хамраараа газар хатгахыг чинь хараад, хүлээгээд, шоолоод инээгээд сууж байгаа чадалтай чансаатай хүмүүсийнхээ элэг доог болж дуусаагүй л байна уу, за тэгээд хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн дөө. Удахгүй Женко ахынхаа хөшөөг босгоё гээд жирийлгээд ороод ирэв дээ, та хоёр.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.89)
    Хөшөөнөөс өөр юм мэдлэггүй ёстой новш МАНгарыг дэмждэг намын боолууд
    2021 оны 11 сарын 22 | Хариулах
Top