өдөр
шөнө
×

"Барилгын хөгжлийн төв дарга нарын компаниудад үйлчилдэг, авилгажсан газар болж хувирсан байна"

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн барилгачдын төлөөлөл өчигдөр /2021.10.14/ УИХ дахь намуудын бүлгийн дарга нарт шаардах бичиг хүргүүлсэн. Барилгачид барилгын бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэхдээ үнийн зөрүүг төсөвт тусгаж өгөх хүсэлтийг шаардлагадаа тусгасан байна.

Барилгын салбарын компаниудын тухайд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн барилгын материалын үнийн өсөлтөд нэрвэгдэж эхэлжээ. Одоогийн байдлаар үнийн өсөлтөөс болж барилгын компаниудаас хамгийн бага нь 300 сая, хамгийн их нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн алдагдалд ороод байгаа талаараа энэ үеэр хэлжээ.

Иймээс барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг тэдний зүгээс хүсэж, төр засаг уг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол олон барилга баригдаж дуусалгүй балгас болж үлдэх болно гэдэг мэдээллийг өгчээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх асуудалтай холбогдуулан дараах байр суурийг чуулганы хуралдаанд илэрхийлсэн байна.

Тэрбээр, “Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 компани  барилга барьж байгаа. Харин одоо барилгын материалын үнийн өсөлтөөс болоод эдгээр компаниуд асуудалд орчихсон явж байна. Энэ хүмүүсийн тухайд анхнаасаа Барилгын яамнаас асуусан байна лээ. Ингэхэд яамны зүгээс “Бид үнийн өсөлтийг судалж байгаа. Та нар ажлаа цаг хугацаандаа хийгээд явж бай” гэдэг чиглэлийг өгсөн юм билээ.

Б.Мөнхбаатар сайд сая зарим барилгын материалын үнэ 45-50 хувиар өссөн гэж ярьж байна. Тэгэхээр цаашдаа тодорхой арга хэмжээг шууд хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Барилгын хийц, үнийн өсөлтөөс шалтгаалаад арга хэмжээ аваад явмаар байна. Жишээ нь, арматурын үнийг 40 хувийн өсөлттэй гэж тооцож байгаа бол үнийн өсөлтийн 30 хувийн зөрүүг нь төр засаг даая, 10 хувийг нь аж ахуй нэгж та нар өөрсдөө даагаад яв гэдэг иймэрхүү байдлаар асуудалд орохгүй бол Барилгын хөгжлийн төв авлигажсан газар болсон байна. Тэнд дарга нарын болон авилгал өгсөн хүмүүсийн барилгын төсвийг өндөр тавьж, юу ч мэдэхгүй ядарсан компаниудын мөнгийг доош нь дарж тавьж байна. Тийм учраас Б.Мөнхбаатар сайд уг асуудалд тодорхой хариулт өгмөөр байна” гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top