өдөр
шөнө
×

АН улстөрийн тавцангаас арчигдаж, ХҮН Монгол Улсын хоёр дахь хүчнээр албан ёсоор бичигдэж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн нөхөн сонгууль улстөрийн намуудын чансааг бодитоор тогтоосон үйл явдал боллоо. Тухайлбал, тус тойрогт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар 23,998 саналаар тэргүүлж, 5,180 саналаар ХҮНамаас нэр дэвшсэн Б.Найдалаа удаалсан байна.

Харин Монголын улс төрийн голлох хоёр намын нэгээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд нэрлэгдсээр ирсэн Ардчилсан нам саналын тоогоороо ХҮНамын дараа оржээ. Тус намаас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн тухайд 4,925 орчим санал авч саналын тоогоороо ийнхүү гуравт бичигдсэн байна.

Уг байдлыг улстөрийн хүрээнд Монгол Улсын хоёр дахь хүчнээр ХҮНам албан ёсоор бичигдэж эхэллээ хэмээн дүгнэж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт авсан саналын тоогоороо ХҮНам АН-ын өмнө бичигдээд байсан бол уг үйл явдал хоёр дахь удаагаа ийнхүү тохиолоо.

ХҮНамын дарга Т.Доржханд энэ талаар “ХҮН нам Ардчилсан намын саналыг хуваалаа гэж шүүмжилж байна. АН-ынхан та нарт хэлэхэд та нарын саналыг хуваагаагүй. Та нар нам шигээ нам байгаач. Би нэг зүйлийг баримттай хэлье. Өчигдрийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч гэлээ хоёрдугаар байрт ХҮНамаас нэр дэвшсэн Б.Найдалаа орлоо. Гуравдугаар байрт бидний сайн мэдэх Э.Бат-Үүл баатар орлоо. АН-ын тухайд энэ удаагийн сонгуульд хоёр намаа нэгтгэж, нэг цул АН болж орсон. Гэсэн хэдий ч иргэд сонгогчид хоёрдугаар байранд Хөдөлмөрийн үндэсний намыг тавилаа. Энэ бол бодитой баримт” гэсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан Ө.Шижир уг асуудлын талаар “Ардчилсан нам улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top