өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Оюун-Эрдэнэ ээ! Дахиад хэлье. Төр бол дадлагын газар биш, Ерөнхий сайд бол дадлагажигч оюутан биш

Цагаан тугаа өргөнө үү дээ...

За дахиад шатахууны дараалалд аав ээж нар ардаа хүүхдээ хаяад зогсож байна даа. Замдаа түлшний дараалалд бас шөнийг барна. Засгийн газраараа ажил хийлгэж чадахгүй юм бол эрх баригч МАН цагаан тугаа өргөнө үү дээ. МАН-д эрх мэдэл дутаагүй, албан тушаал дутаагүй, тамга тэмдэг дутаагүй, цаг хугацаа ч хангалттай байсан. Гагцхүү сэтгэлгүй байна, зүрхгүй байна, зүгээ алдсан байна. Хөрснөөсөө хөөрч, хөлөө олохгүй хөөрцөглөж, хөөсөндөө хөвсөн байна. Тендэр хувааж залгидагтайгаа адил тэнхээ гаргаж ажиллахгүй л байна даа.

Амьдрал мэдэхгүй хэдэн хүүхэд намаараа тоглоод, засгаа завхруулаад, түмнээ зутраагаад, төрөө үнэгүйдүүллээ дээ. Чадахгүй байгаа юманд чарлаад чарлаад тэнхээ дутна, одоо энэ байтугай унана, шал арчина, шавар үмхэнэ. Төр болж тоглосны төлөөс өндөр тусна даа.

Цүнх баригчдын эрин үеийг эхлүүлсэн цүнхээлийн акулууд юу бодоод сууж байдаг юм бол доо. Хэлээд л байгаа шүү. Цахим шоунаас чинь гуравхан хоногийн дараа шатахуун тасарсан, арваадхан хоногийн дараа түлш тасарсан, ковидоор нас барагсдын тоо 10-аас 20 өөд үсэрсэн дээ. Оюун-Эрдэнийн Засгийн газарт юу үнэтэй, юу үнэгүй байсныг, хэн чухал, хэн нь цухас болсныг эндээс л хараарай, эвгүй тоонууд шүү. Зугаа цэнгэл, зуурдын шоу, сүржин реклам, сүрхий яриа үнэтэй тусч, үндэстэн ганхуулж байна. Оюун-Эрдэнэтэйгээ удах тусам овоохон гүн нүхэнд унах вий. Улс төрийн хямралаас шашны хуваагдал руу ойчвол за бүр заваарсан юм болно.

МАН нь бүхлээрээ МоАХ-ын байранд, экс асны хяналтанд хурлаа хийж ч магадгүй. Хүрэлсүхийн үүдийг сахиж итгэлийг нь олох амархан байсан байх, хүн ардаа удирдаж, улс чиглүүлэх хэцүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Дахиад хэлье. Төр бол дадлагын газар биш, Ерөнхий сайд бол дадлагажигч оюутан биш, эрх мэдэл бол шунал хүслээ гүйцээх мөхөөлдөсний мухлаг, мөнгөний гахай биш за.

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • АРД (172.69.252.150)
    ХА ХА ДАДЛАГЫН БАЦААН БАЙСАН ЮМ УУ ОДОО БОЛЖ ҮЗ...
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
Top