өдөр
шөнө
×

Ардчилсан нам нөхөн сонгуульд зориулж “төлбөртэй жагсаал” зохион байгуулаад улсаа хорлочих вий?

УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан “Одоо боллоо” нэртэй жагсаалыг зохион байгуулж байна.

Аливаа жагсаал цуглааны тухайд  цэвэр иргэдийн хүсэл сонирхол, үзэл бодлын нэгдэл дээр тулгуурлагдаж аясаараа зохион байгуулагддаг зүй тогтолтой. Гэтэл харамсалтай нь АН-аас зохион байгуулж буй энэ удаагийн жагсаал их хэмжээний мөнгөөр санхүүжигдсэн “төлбөртэй” жагсаал болохыг батлах баримтууд эхнээсээ дэлгэгдэж эхэллээ.

Тухайлбал үүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс АН-ын гишүүд рүү явуулсан мессэж нотолж байгаа юм. Б.Пүрэвдоржийн бичсэн уг зурваст “Сайн байцгаана уу? Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж гишүүдээс хандив өгөхийг хүсч байна. Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэжээ.

Эндээс харвал АН-аас зохион байгуулж буй “Одоо боллоо” жагсаал нь ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхны дуу хоолойг төрд хүргэх цуглаан бус цэвэр улстөрийн агуулгатай буюу нөхөн сонгуульд зориулж хийгдэж байгаа цуглаан гэдэг нь тодорхой байна.

Нөгөөтээгүүр АН УИХ-ын гишүүдээсээ хандив нэрээр ихээхэн мөнгө татаж жагсаалаа санхүүжүүлээд төлбөртэй жагсаал гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулах бололтой.

Цаашлаад Засаг төрийн зүгээс хүн амынхаа 70 хувийг дархлаажуулж, сургууль цэцэрлэг, бизнесүүдийг нээгээд байгаа эгзэгтэй энэ цаг үед АН-ын жагсаал олон хүнийг хамруулж хавтгайрвал хатуу хөл хориог тогтоохоос өөр аргагүй нөхцөлд ч хүрч болзошгүй.

Мөн АН-ын нөхөн сонгуульд зориулсан жагсаалд оролцсон хэдэн зуун хүн цаашлаад хэдэн мянгаараа халдвар авах нөхцөл үүсч, хэдэн арван гэр бүл хагацалд унахыг таашгүй. Тиймээс Монгол төрийн нэг багана гэж өөрсдийгөө нэрлэдэг АН-ын энэ удаагийн жагсаал намаа аврах гээд улсаа хорлосон эмгэнэлт үйл явдал болоход тун ойрхон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top