өдөр
шөнө
×

Шүүхийн ерөнхий зөвлөл татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөгөөр тансаг автомашинууд авч хөлөглөжээ

Татвар төлөгчдийн мөнгөөр тансаг машин  авч хөлөглөдөг үзэгдэл Шүүхийн Ерөнхий зөвлөл дээр үргэлжилж байна. Тухайлбал тус байгууллага нь улс орон даяараа цар тахалд нэрвэгдэн дээр дооргүй, бүсээ чангалж байх үед буюу энэ оны зургадугаар сард 1,1 тэрбум төгрөгөөр дунд оврын автобус, 1,8 тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн автомашинуудыг худалдаж аваад сууж байжээ. Энэ талаарх баримтыг товч хүргэе.

Баримт 1: Шүүхийн ерөнхий зөвлөл 1,8 тэрбумаар 30 ширхэг Renault DUSTER автомашин худалдаж авчээ

Э.Батбаяр даргатай Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 оны 06 дугаар сарын 07-ний өдөр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах Багц-1” нэртэй гэрээг Моннис моторс ХХК-тай байгуулсан байна.

Уг гэрээний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд Моннис моторс ХХК гэрээ байгуулагдсанаас хойш хоёр сарын хугацаанд 30 ширхэг Renault DUSTER автомашиныг нийлүүлжээ.

Харин энэхүү гэрээний төлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөл 1 тэрбум 860 сая төгрөгийг Моннис моторс ХХК-д тушаасан байх аж. Уг автомашины нэг бүрийн үнэ 62 орчим сая төгрөг болж байна.

Баримт 2: Шүүхийн ерөнхий зөвлөл 1 тэрбум 140 сая төгрөгөөр Urvan загварын автобус худалдаж авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр дээр дурдсан цаг хугацаанд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах Багц 2” нэртэй гэрээг мөн л Моннис моторс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатартай байгуулжээ.

Уг гэрээний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 12 ширхэг Urvan загварын дунд оврын автобусыг 1 тэрбум 140 сая төгрөгөөр Монннис моторс ХХК-аас худалдаж авсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байна.

Нэг үгээр Монголын төр цар тахлын шуурганд иргэдээ гал алдуулахгүйн тулд 300 мянган төгрөгийн тэтгэмж олгож, халаасаа хоослоод сууж байсан тэр цаг үед татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Шүүхийн ерөнхий зөвлөл нэртэй байгууллага төсвийн 2,9 тэрбум төгрөгийг автомашин гэх мэтийн тансаг хэрэглээнд зарцуулсан болох нь тодорхой боллоо.

Уг нь улсын эдийн засгийн цусны эргэлт бүрэн зогсож, төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед Шүүхийн ерөнхий зөвлөл мэтийн байгууллага бүхэл бүтэн 3 тэрбум орчим төгрөгөөр автомашин, автобус худалдаж авах нь шал хэрэггүй буюу тэвчиж болох зардал гэлтэй.

Дашрамд сонирхуулахад, Э.Батбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилигдож байсан нэгэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top